УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт хуралдах хуваарьтай байсан. Гэвч хуралдсангүй. Яагаад хуралдаагүй талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах тайлбарыг хийв. Тэрбээр “Энэ сарын 20-нд УИХ-ын чуулганаар Сонгуулийн хуулийг эцэслэн баталсан. Энэ долоо хоногийн хувьд УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад чуулганы хуралдааныг хойшлуулахаар болсон. Учир нь гишүүд тойрогтоо ажиллах хэрэгтэй байна гэсэн хүсэлт гаргасан. Гишүүд энэ зун, намар тойрогтоо ажиллаж чадаагүй. Он дууссаны дараа зарим үйл ажиллагаа Сонгуулийн хуулиар хязгаарлагдаж байгаа. Тийм учраас энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулсан. Ирэх оны нэгдүгээр сарын 2-ны Пүрэв гарагаас чуулганы хуралдаан хэвийн үргэлжилнэ” гэлээ.
Н.БАТАА