Казиногоос авлига авсан хэрэгт сэжиглэгдсэн эрх баригч гишүүн Цукаса Акимотог Японы цагдаагийн байгууллага баривчилжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан түүнийг 2017 оны 8-р сараас эхлэн Японд бизнес эрхлэх сонирхолтой Хятадын компаниас 3.7 сая еэн буюу 34 мянган ам.доллартай тэнцэх бэлэн мөнгө авсан хэрэгт сэжиглэсэн байна.
Авлига өгсөн хэмээн нэрлэгдсэн Хятадын компани нь 2001 онд Шеньжен хотод байгуулагдсан. Японы Хоккайдод хөрөнгө оруулалт хийж, спортын сургалт төв, аялал жуулчлалын сүлжээтэй компани аж. Цукаса Акимото нэр холбогдсон авлигын хэргийг эрс үгүйсгэн, авлига аваагүй гэж мэдэгдсэн ч цагдаагийнхан түүний баривчилгаанаас хэдхэн цагийн дараа Ардчилсан намын өөр нэг гишүүн Такаки Ширасүкаг ижил төстэй хэрэгт шалгаж байгаагаа мэдэгджээ.
Хэрэг явдал Японы хэвлэлийн гол сэдвийн нэг болон өрнөж байна. Прокурорын байгууллага ноён Акимото нэр үл мэдэгдэх, тусламж хэрэгтэй болсон мөрийтэй тоглоомын газрын гурван ажилтнаас мөнгө авсан гэж үзэж байгаагаа хэлсэн бөгөөд энэ гурван ажилтныг давхар саатуулсан байна.
Мөрийтэй тоглоомын газрууд удааширч байгаа эдийн засгийг эрчимтэй хурдасгана гэж Японы Засгийн газар үзэж байгаа. Харин сөрөг хүчин сөрөг хүчин казиног авлига, хээл хахуулийн халуун цэг гэж удаа дараа мэдэгдэж байсан юм.
Урт хугацааны маргаантай хэлэлцүүлгийг дамжин 2016 онд Японы парламент казиног зочид буудал болон томоохон танхимуудад нээх хуулийг баталсан байгаа. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл нэг ч казинод тусгай эрх олгогдоогүй байгаа юм. Энэ дуулиан Шинзо Абэгийн кабинетыг хүнд байдалд оруулж магадгүй хэмээн Японы хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.