Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаас МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Шалтгаанд нь:
Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй. Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлүүд дурдагдсан байна. Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгаа аж. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах юм байна.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь таваас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлагатай. Гэвч Н.Энхбаяр нь 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны аравдугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтыг хангаагүй хэмээн түүнийг сонгуульд нэр дэвшигчээс бүртгэхээс татгалзжээ.
Энэхүү шийдвэрийг гарсны дараа Сонгуулийн ерөнхий хороон дээр цугларсан МАХН-ын гишүүд, дэмжигчид Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулах эрх хүссэн байна.