Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг 2018 оноос эхлэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан.
Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг хойшлуулах шийдвэр гаргасан.
Шүүх хуралд шүүгчээр Л.Галбадар, улсын яллагчаар Б.Мөнхбат, Ц.Сүхбат нар оролцсон бол шүүгдэгч Н.Золжаргал өөрийн өмгөөлөгчийн хамт оролцжээ. Хурал өглөөний 10:00 цагт эхэлж, 13:00 цагийн орчимд завсарласан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүндэтгэх шалтгааны улмаас хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, арванхоёрдугаар сарын 26-ны 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.