Дэлхийн алтны үнэ 2019 онд 15 хувиар өсөж, сүүлийн есөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлттэй байлаа гэж “Сөүт Чайна Моонинг Пост” сонинд мэдээлжээ. Энэ долоо хоногийн эхээр нэг унци алтны үнэ 1480 ам.долларыг давсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.4 хувиар их гэсэн үг юм.
Энэ онд алтны үнэ өсөхөд Европод Брекситийг тойрсон геополитикийн тодорхойгүй байдал, түүнчлэн АНУ-БНХАУ-ын худалдааны дайны улмаас дэлхийн улс орнууд бодлогын хүүгээ бууруулсан нь голлох нөлөө үзүүлсэн гэж мэдээлж байна. Улс төрийн тодорхойгүй байдлын улмаас хямрал үүсэх вий гэсэн болгоомжлол бий болж, хөрөнгө оруулагчид алт ихээр худалдаж авсан гэнэ.
Энэ чиг хандлага ирэх онд ч үргэлжилнэ гэж шинжээчид үзэж байна. Хонгконгийн алтны зах зээлийн мэргэжилтэн Жаспер Логийн тооцоолсноор ирэх 2020 онд алтны үнэ 15-20 хувиар өсөж, унци нь 1580-1774 ам.долларт хүрэх төлөвтэй байна.