Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь “Мөнгөн-Цой” компанитай хамтран “Сүхбаатарын талбай”-д мөсөн хотхон бүтээж байна. Тус компаний урчууд нь мод, мөс, хөөс, чулуу, төмөр матeриалаар бүхий л төрлийн сийлбэр, баримал урладаг туршлагатай хүмүүс аж. Төв талбайн мөсөн хотхон дээр дээрх компаний 20 орчим ажилтан, уран бүтээлчид 10 гаруй төрлийн мөсөн сийлбэрийг хийж байна.
Маргааш орой нээлтээ хийх “Мөсөн хотхон” барих ажил одоогийн байдлаар 75 хувьтай үргэлжилж байгаа гэнэ. Нийтдээ нэг тонн мөсийг Биокомбинатын нуураас тээвэрлэн авчирсан бөгөөд байгалиараа хөлдсөн мөс болор мэт тунгалаг байдаг учир хамгийн тохиромжтой, үзэжмжтэй болдог гэж мөсний сийлбэрчид хэлж ярилаа.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар бол маргааш 18 цагт мөсөн гулгуур болон, мөсөн тайзны нээлтийг хийх юм байна. Харин үлдсэн сийлбэрүүдийг 12 дугаар сарын 30-ний өдөр дуусгасан байх ёстой аж.
Сонирхуулахад, Д.Сүхбаатарын талбайн мөсөн гулгуурийг 60х25 метрийн хэмжээтэй буюу олон улсын стандартын дагуу барьж байгаа аж. Мөн маргааш нээлтээ хийх мөсөн тайз нь 6 метрийн өргөнтэй юм байна.
Нээлтийн үеэр сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа болох бөгөөд урлагийн тоглолт, 3D лазер нь үзүүлбэрийг хотын иргэддээ толилуулах юм байна.
Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат тэргүүтэй уран бүтээлчид урлаж буй бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх юм байна.