МУИС-ийн номын сан 24 цагаар ажиллаж эхэлсэн бөгөөд оюутнуудыг шалгалтдаа бэлдэхэд нь зориулж цагийн хуваариа уртасгасан байна.
Энэ талаар тус номын сангийн ажилтан хэлэхдээ “Оюутнуудын шалгалтын үеэр номын сангийн нэг давхарт байрлах нэг цэгийн үйлчилгээний хэсгийг энэ долоо хоногийн Даваа гаригаас Баасан гараг хүртэл 24 цагаар туршилтаар ажиллуулж байна. Энэ үеэр гадны уншигчдад үйлчлэхгүй зөвхөн өөрийн сургуулийн оюутнууддаа үйлчилнэ. Цаашид байнга 24 цагаар ажиллах эсэхийг туршилтын үр дүнг харж байж шийднэ” гэлээ.
Сонирхуулахад МУИС-ийн шинэ номын сан нь 360,000 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1,000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2,000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай юм.