Үл үзэгдэх эмгэнэл /эхлэл/
Оросын сэтгэл зүйч Вайка Разинкова архины хамааралыг “үл үзэгдэх эмгэнэл” гэж тодорхойлсон байх юм. Яагаад ийм байдал бий болдог вэ? Үүний хариулт нь тун энгийн.
Архидалт бол гэр бүлийн өвчин. Архинаас хамааралтай хүнтэй нэг дээвэр дор амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл зүй эрүүл байдлаа бүрэн хадгална гэж байдаггүй. Архидалт бол юуны өмнө хүний зан үйлийн түвшинг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, архичин хүний зан үйл архи уудаггүй хүний зан үйлээс ялгагдаж байдаг. Тэр ч байтугай архичин хүний хүүхэдтэй нэг дор байхад сэтгэл зүйн хямрал байгаа нь мэдрэгддэг. Ийм нөхцөлд амьдардаг хүүхдэд хүмүүжүүлэх ажлыг байнга эхнээс нь хийх хэрэгтэй болдог.
Гэр бүл гэдэг бол нэг бүтэц. Бие биеэнтэйгээ харилцаатай гэр бүл сэтгэл хөдлөлийн хүчтэй дасал болсон холбоонд байдаг. Айл бүрт гэр бүлийн гишүүдээ нэгтгэж байх өөрийн гэсэн дүрэм, хэрэгтэй үед сэтгэл санааг нь дэмжих хэрэгцээ байна.
Гэсэн хэдий ч гэр бүлд архины хамаарал ихэсвэл эрүүл бус, хахир хатуу харилцааны дүрэм бий болно. Гэр бүлийн бүх гишүүд архи уудаг хүний эрх ашгийн төлөө ажиллаж эхэлнэ. Эцсийн эцэст гэр бүл аавыгаа ажлаасаа яаж ирэх бол гэсэн айдастай хүлээдэг болно. Бүх тогтолцоо архины хамааралтай хүний сэтгэл санаа, зан үйлээс хамаарч эхэлнэ. Өөрөөр хэлбэл, гэрэл гэгээг харанхуй бүрхэн нөмөрдөг шиг гэр бүл тийм л болдог. Бүх зүйл архичин хүний нөхцөл байдал, сэтгэл санаагаар тодорхойлогдоно. Ийм гэр бүлийн эхний хэрэгцээ бол асуудлаа нуух “гоёмсог хана” босгохыг хичээх.
Гоёмсог хана буюу үгүйсгэл /хоёрдугаар хэсэг/
Гэр бүл худал хэлэн заль мэх зохиож, үгүйсгэж эхэлнэ. Хүүхдүүд байнга “аав нь унтсан байна, битгий сэрээ” эсвэл “Ээж нь ажлаасаа ядарч ирсэн, амарч байна” гэж хэлэхийг сонсдог болно. Ингэж хүүхдүүдээ хөнгөхөн хуурахыг оролдоно. Харин хүүхдүүд бяцхан зүрхэндээ үүнийг ойлгохгүй байгаа юм биш.
Архидалт байгаа гэр бүлд үргэлж хүчирхийлэл, харгислал, хахир байдал гардаг. Хүүхэд ганц удаа л архичин эцэг эхийнхээ хөлчүү царайг харах, уучлалт гуйх харц, энэ сүүлчийн удаа, одооноос шинээр амьдарна гэж хөлцөл өчих үгийг сонсох бүртээ гэр бүлдээ тохиолдож байгаа бүх зүйлд өөрийгөө буруутгадаг. Тийм учраас айдас, ганцаардал, буруутайгаа мэдрэх нь өсвөр насны хүүхдийн дагуул болно. Хэн ч түүнээс энэ талаар, юу мэдэрч байгааг нь асуудаггүй. Хэрвээ түүнээс энэ тухай асуувал тэр хариулдаггүй. Яагаад гэвэл хэлэхгүй байх, мэдрэхгүй байх, итгэхгүй байх гэсэн тоглоомын дүрэмд маш хурдан дасдаг. Ингэж л тэдэнд сэтгэл зүйн хамгаалалт болох үгүйсгэл бий болно.
Үгүйсгэл бол сэтгэл зүйн эмгэгийг бууруулах гэсэн оролдлого юм. Энэ бол архичнаас хамааралтай төрөл, садангийн хүмүүсийн сэтгэл зүйн гол шинж тэмдэг. Тэднийг харилцан хамааралтай хүмүүс гэнэ. Ийм хүмүүст сэтгэцийн үзэгдэл архидалт, мансууралттай зэрэгцэн явагдана.
Үгүйсгэл янз бүрийн байдлаар илэрнэ:
– бууруулах, хүлээн зөвшөөрөх /Бүгд л уудаг, долоо хоногтоо нэг уудаг/
– харьцуулах /Манай аав архичин гэж үү? Тэр манай хөрш гадаа тасраад унаад өгсөн/
– зөвтгөж бодох /Бүгдээрээ л ууж байна/
– хүчтэй үгүйсгэх /Манайд бүх юм сайхан байгаа, манайд ямар ч асуудал байхгүй/ гэх мэт.
Эдгээр үгүйсгэл нь гэр бүлд тогтонгишсон бухимдалт байдал, өвчинтэйгөө тэмцэх шийдвэр гаргахад саад болж байдаг.
Хүүхдүүдийн хариу үйлдэл /гуравдугаар хэсэг/
Гэр бүлийн гишүүд нэгэнт тогтсон бухимдалт байдалдаа зохицох зорилгоор зан үйлийн шинэ хандлага, хариу үйлдлийг үзүүлдэг. Тэдгээр нь ёс зүйгүй нөхцөл байдалд зөнгөөрөө үзүүлж буй хариу үйлдэл юм.
Архичин, мансуурагч нарын зохиолоор тоглогдож байгаа гэр бүлийн жүжгийн гол дүрүүдэд хүүхдүүд нэмэгддэг. Тэд бол томчуудын өвчний гэмгүй “хэрэгтнүүд”. Архичин мансуурагчдын хүүхдүүд эцэг, эхээсээ хуулбарласан зан үйлээс төдийгүй архидах, мансуурах өвчнөөс болж эрсдэлтэй бүлэгт хамаарагдах болдог.
Өсвөр насныхан гэр бүлийн энэ байдалд хэд хэдэн замаар “урвалд” ордог. Цаг хугацаа өнгөрөх тутам хүүхэд сэтгэцийн хувьд сул дорой, тогтворгүй, өөрийн үнэлгээ доогуур, өөрийнхөө “БИ”-г алдаж эхэлнэ. Хүүхдүүд өөрийнхөө уйтгар гуниг болон уур хилэнгээ мэдэрч даван туулж чадахаа больдог. Тэдний сэтгэл хөдлөл байнга хүчтэй хямардаг, архины хамааралтай хүмүүстэй нэг гэрт байвал мэдрэмж нь хаагддаг. Нэг үгээр хэлбэл илрэх мэдрэмж нь тэнцвэргүй болдог гэсэн үг.
Сонгож авсан дүр /дөрөвдүгээр хэсэг/
Архины хамааралтай гэр бүлд тогтсон нөхцөл байдлыг хүүхдүүд тодорхой дүрд тоглож халхлах гэдэг. Дүр бол гэр бүлдээ үзүүлж байгаа хүүхдийн хариу үйлдэл.
- “Баатар”-ын дүр
“Баатар” гэсэн энэ дүрийг ихэвчлэн гэр бүлийн том хүүхэд өөртөө сонгож авдаг. Ийм хүүхдийн гол зорилго нь гэр бүлээ хамгаалж үлдэх. “Баатар” хүүхэд, өөрийн зан байдлаараа бусдад яршиг төвөг болдоггүй. Тэд сайн сурдаг, сурлагадаа төдийгүй өөр бусад зүйлд ч хариуцлагатай ханддаг, зохион байгуулах чадвартай, зорилго эрмэлзэлтэй, сахилга баттай байдаг. Гэвч тэдэнд бусдыг сонсох, бусадтай хөгжилдөх, тоглоход хүндрэлтэй байна.
Ийм хүүхдэд амжилт хамгийн чухал. Нэг өгүүлбэрээр бол “Баатар” хүүхдэд “өв тэгш байх” гэсэн үзэл байнга хөгжиж байдаг.
Үнэндээ, ийм дүрийн хүүхдийн дотор маш их ганцаардал, айдас, гомдол, гуниг байна. Ийм хүүхдүүд бүх зүйл хэвийн гэсэн бодолдоо өөрсдийгөө итгүүлэхийг оролддог. Тэд өөрийн амжилт, хариуцлагатай байдлаараа гэр бүлээ халхалж, хамгаалж явдаг.
- “Үймээн дэгдээгч” эсвэл “золигт гаргагч”-ын дүр
Энэ бол бага насны хүүхдийн дүр. Тэр бусад хүүхдүүдээс юугаараа ялгардаг вэ? Ийм хүүхэд сургууль дээр биеэ авч явахдаа муу. Дуулгаваргүй байдлаас нь болоод тэдэнд маш их асуудал тулгарч байдаг. Ийм хүүхдүүд дүрэм журам багагүй зөрчдөг. Үүссэн асуудлыг өөрөөсөө холдуулдаг.
Иймэрхүү дүрийн хүүхэд өөрийн уйтгар гунигийг ил гаргаж чаддаг боловч дотор нь өширхөх, хонзогнох байдал цухалздаг. Мөн түүнд сэтгэл өвтгөм шаналал, цөхрөл, айдас, өөрөө л гэм зэмтэй юм шиг мэдрэмж байдаг.
- “Цөхөрсөн хүүхэд” дүр
Ийм хүүхэд хүмүүст анзаарагдахгүй байхыг эрмэлздэг, аймхай хулчгар зантай, маш эмзэг. Гэр бүлийн нөхцөл байдал, хэл амнаас хүүхдийг хүсэл мөрөөдөл нь аварч байдаг бөгөөд бодит бус хийсвэрлэлийн ертөнцөд амьдарна. Ийм хүүхэд гэр бүлдээ хайртай байж тэднийгээ энхрийлэн хайрладаг. Тэдний дотоодод гомдол цөхрөл, ганцаардал, орхигдож хоцорсон ертөнц байдаг.
- “Гэр бүлийн бэлгэ тэмдэг” эсвэл “алиа салбадай”-н дүр
Архины хамааралтай гэр бүлд ингэж нэрлэгддэг өөр нэг дүр бий. Ийм дүрд тоглож байгаа хүүхэд байнга анхаарлын төвд байдаг. Тэр цаг үргэлж алиалж ойр орчныхоо хүмүүсийг инээдэмтэй зан үйл, яриа хөөрөөндөө татан оролцуулдаг. Аливаа асуудалд хөнгөн хуумгай ханддаг.
Тэдний анхаарлын төвлөрөл маш муу, гиперактивный зан үйлтэй. Энэ бүхэн бол гэр бүлийн бэлгэ тэмдэг” эсвэл “ алай салбадай”-н дүрд байгаа хүүхдийн хувирсан, хуулбарласан арга барил.
Үнэндээ бол ийм хүүхдийн дотор айдас хүйдэс, уйтгар гуниг, орхигдож мартагдсан бас нэгэн өөр ертөнц бий.
Архины хамааралтай гэр бүл хаана байна хүүхдүүдийн эдгээр дүр маш хахир хатуугаар оршиж байдаг.
Зөвлөмж /төгсгөл/
Ямар ч тусламж дэмжлэггүйгээр эдгээр хахир хатуу, ширүүн дүр төрхөөсөө хүүхэд ганцаараа тэмцэж, салах боломжгүй. Хүүхэд томрохоороо арга барилаа өөрчилж эхэлнэ. Арга барил бол хүүхдийн гэр бүлийнхээ зүгээс амсч мэдэрсэн зүйл. Хэрвээ хүүхэд мэргэжилтнээс тусалцаа дэмжлэг авч чадвал хүүхдийн зан үйл, оногдсон дүр өөрчлөгдөн засарна.
- Гэр бүлийн “Баатар”-ын дүртэй хүүхдүүдэд ямар нэгэн зүйл болохгүй байх үед нь л анхаарал тавь. Түүний амжилтыг хувийн зан чанараас нь ялгаж салгаж ойлго. Алдаагаа хүлээн зөвшөөрөх, ойлгож ухамсарлахад нь түүнд тусал. Тэр муу хүүхэд байгаа нь түүний алдаа биш. Түүнд өөрийнхөө мэдрэмжийг таних, өөрт төрсөн мэдрэмжээ гаргаж чаддаг болоход бид сургах хэрэгтэй. Хүүхэд ямар зүйлээс /ажил хөдөлмөр, дур сонирхол/ баяр баясгал, уйтгар гуниг төрдөг вэ гэдгээ олж мэдсэн, ойлгосон байх нь чухал. Гагцхүү хүүхдэд “хэрэгтэй” гэсэн болгоныг хийж өгөх хэрэггүй.
- Үймээн дэгдээгчид түүний гаргаж байгаа зан байдал зохисгүй гэдгийг ойлгуулах нь чухал байдаг. Маш тууштай хандаж байж түүнд хэм хэмжээ гэдгийг ойлгуулна. Өсвөр насны хүүхдэд бол асуусан асуултанд нь тодорхой хариулт өг, түүнд харамсаж байгаагаа бүү хариул. Бүдүүлэг зан үйлийг нь үл тоомсорло. Зөв зан үйлийг нь үргэлж магтаж, сайшааж бай.
- “Цөхөрсөн” дүрийн хүүхдийн үргэлж нэрээр нь дуудан харьц. Тэд бусад хүүхдийн өмнө өөрийн давуу талыг харуулахыг хүсдэг. Мөн тэдний санаачлагыг дэмжиж бай. Анги хамт олны дунд асуулт тавибал түүнд дуугүй байх боломжийг бүү өг. Хааяа ч гэсэн түүнээс эхлээд асууж бай.
- “Алиа салбадай”-д ямар нэгэн даалгавар өг. Гүйцэтгэлийг нь тодорхой хугацаанд ягштал шалгаж бай. Тохирсон цаг мөчид гаргаж буй алиа хошин занг нь хөхиүлэн дэмж. Хэт алиалах, марзганах үед нь анхаарлаа бүү хандуул.
Гэр бүлээсээ олсон өөрийн айдас хүйдэс, зовлон шаналалыг хуваалцах, ярилцах боломж байна гэдэг нь тодорхой дүрд хувирсан хүүхдүүдийн хувьд том дэмжлэг юм. Энэ л хүүхдүүдэд өөрөө өөрсдийгөө эдгээх боломжийг олгоно.
Энэхүү зөвлөмжийг Оросын сэтгэл зүйч Вайка Разинковагийн “Үл үзэгдэгч эмгэнэл” нийтлэлээс сийрүүлэн танд хүргэв.
Эх сурвалж: Б.Нарангэрэл
1 comment
ARHI HAR TAMHI BISH YUM UU?