Чуулганы нэгдсэн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг санал хурааж дэмжив. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан дэгийн хуульд заасны дагуу Төсвийн байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-т “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж тус тус заасны дагуу хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Байнгын хорооны санал, дүгнэттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Мөн гишүүдийн олонх нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ.