Парламент УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслөө баталлаа. Анх төслөө өргөн барихдаа 50.26 гэсэн хувилбараар сонгууль явуулахаар төлөвлөж байсан бол эрх баригч МАН хэлэлцүүлгийн үед томсгосон 26 тойргоор сонгууль явуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Хуулийн төслийг хэлэлцэх явцад маргаан дагуулсан хэд хэдэн заалт гарсан. Тухайлбал, өмнө нь шүүхээс авлига, албан тушаалын гэмт хэргээр ял сонсож байгаа хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх тухай заалт юм. Эцсийн мөчид энэ заалт дэмжигдэж батлагдсан юм.
Мөн овог, нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаар бүхий сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд УБЕГ-аас өгөхөөр болов. Ингэхдээ тухайн нэрсийн жагсаалтыг хувилж тараахыг хориглож байгаа бөгөөд тараасан тохиолдолд иргэнийг таван мянга, хуулийн этгээдийг 40 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр болгох заалтыг хамт баталлаа.
Түүнчлэн “Эвсэлд орсон намуудын аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан дахин болон нөхөн сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвсэл тарсанд тооцоно” гэсэн заалт маргаан дагуулж байсан ч батлагдав.