УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татсан, түүний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн даргаас тодруулахад “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин сангаас зээл авсан асуудалтай холбогдуулан УИХ-ын нэг л гишүүнийг шалгаж байгаа. Тэр нь Н.Номтойбаяр. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн тайлбарыг өглөө.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа орон нутгийн онцлог хэрэгцээнд тулгуурласан хуулийн дагуу бүх асуудлыг шийдсэн. Гэтэл АТГ ямар нэг хамааралгүй, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан хууль тогтоомжтой холбож, санаатайгаар хольж хутгаж байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр болсон хуралдсан байхад огт хурал хуралдаагүй, хуурамч хурлын тэмдэглэл хөтөлсөн гэж гүтгэж байна, намайг. Мөн гурван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа юм. Гэтэл энэ төслийн мөнгө нь эргэн төлөгдөөд 2,1 тэрбум буюу 53 хувийн төлөлттэй явж байна гэж С.Чинзориг сайд мэдээлээд байхад төлөгдөөгүй гэсэн. АТГ-ын ажилтан мэдээллийг нягтлахгүй, шалгахгүйгээр надад мэдэгдэхгүйгээр яллагдагчаар татаж байгаа юм. Би бардам хэлэхэд, АТГ ичдэггүй юм бол миний асуудлыг оруулаад ир. УИХ дээр нээлттэй ярилцмаар байна. Би хуулийн дагуу ажилласан. Яллагдагчаар татах бичгээ УИХ-д оруулж ирээд, нээлттэй хэлэлцмээр байна. Яг одоогоор бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг ирсэн талаар мэдээлэл алга байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа ч АТГ-аас дээрх мэдээллийг үгүйсгэлээ.
Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-аас шалгаж буй нь үнэн юм. Тодруулбал, түүнийг Дорнод аймаг дахь компанид 200 сая төгрөгийн зээлийг ногоон гэрлээр шийдэж өгсөн байх магадлалтай хэмээн үзжээ.
Учир нь АТГ-аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм.
Тэд хууль хяналтынханд өгсөн мэдүүлэгтээ “Номтойбаяр сайдын тушаалаар 27 аж ахуйн нэгжид тендерийн шалгаруулалтгүйгээр 2.7 тэрбум төгрөг шилжүүлсэн” хэмээжээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Хуулийн байгууллага намайг гүтгэж, бүр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж явна” гээд АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарыг нэр цохон онцолж байсан удаатай.
Э.БУРАМ