Ичгүүргүй УИХ, ичдэггүй төрийн түшээд

Нам, бүлэглэлүүд, УИХ-ын гишүүдийн эрх ашгийн зөрчил Сонгуулийн хуулиа хугацаанаас нь өмнө амжиж батлахад нэлээд саад тотгорыг бий болгож байна. Өчигдөрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулиа батлах гэж яаравчилсан ч гишүүдийн үл ойлголцол хурцдан чуулганы хуралдаан завсарласан.
Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг дахин хэлэлцэнэ. Тус хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө энэ ондоо багтаан хэлэлцэн батлах ёстой. Тиймээс гишүүд хугацаандаа багтан Сонгуулийнхаа хуулийг баталчих санаатай их л яарч байна. Өчигдөрийн байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдааныг явцыг ажиглахад сайн хууль гарна гэхэд итгэхэд бэрх санагдана.
Өчигдөр хуралдсан УИХ-ын Төрийн байгууллалтын байнгын хорооны хурал дээр хэлэлцсэн асуудал дотор “Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх” санал хуулийн төсөлд тусгагдсан байсан. Гэвч энэ саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо унагалаа. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр ч гишүүдийн олонхийн саналаар батлагдаад гараад ирэх магадлал тун өндөр байгаа юм.
Сонгуулийн тухай хуульд “Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх” санал орж ирсэн явдал нь нийгэм авлигаас салах горьдлогыг төрүүлж байв. Гэвч горьдлого талаар болж байх шиг.
Түрүүчийн УИХ-аас Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ч хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж байх шиг байна. Мөн энэ УИХ дотор ч ЖДҮ-чид байгаа.
Хэрвээ дээрх заалт батлагдсан бол авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд УИХ-д нэр дэвших эрхгүй болно. Гэвч УИХ авлигач, төрийн түшээдээсээ салж чадахгүй нь бололтой. Гэсэн ч авлигачдаас хаширсан сонгогчид, өрсөлдөгчид нь хариуцлага тооцчих байх.
Харин авлигачдыг хамгаалж үлдсэнээрээ энэ УИХ-ын нэр хүнд түүхэндээ хараар бичигдэн, нэр хүнд нь нийгэмд унах нь ойлгомжтой. Ичгүүргүй УИХ, ичдэггүй төрийн түшээд үүнийг олж харахгүй байгаа нь харамсалтай.
UPDOWN.MN