Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны аравдугаар сарын 10-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу үнэт металл, үнэт чулууны эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг Хороо зохицуулахаар болсон.
Санхүүгийн зохицуулах хороо эдгээр арилжаа эрхлэгчид, газруудыг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан үүсгэх зорилгоор Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, хамтарсан судалгаа хийх гэрээг өнөөдөр үзэглэв.
Энэ нь Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах чухал ажил бөгөөд уулзалтын үеэр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, Далд эдийн засгийн хэмжээг тооцож буй талаар Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны газрын дарга А.Дэмбэрэл нар мэдээлэл хийж, харилцан санал солилцсон.
Мөн Банкнаас бусад санхүүгийн салбарын статистик мэдээллийг ил тод болгох, сайжруулах чиглэлээр болон үнэн бодитой, зөв судалгаанд үндэслэсэн системтэй мэдээллийн санг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Үндэсний статистикийн газар