Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.
Улаанбаатар хотод 2019 оны эхний байдлаар нийт 387,4 мянган өрх байгаагаас 44,8 хувь буюу 173526 өрх нь нийтийн орон сууцанд амьдарч байна. Нийтийн орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ, техник технологийн шинэчлэлийн ажлыг Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Чандмань Налайх ОНӨААТҮГ болн хувийн хэвшлийн 82 контор хариуцаж байгаа аж. Улаанбаатар хотод 1200 гаруй Сууц өмчлөгчдийн холбоо бүртгэлтэй байдаг бөгөөд орон сууцны дээвэр, лифт, орц, зоорийн давхар гадна фасад зэрэг дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг байна.
Харин Орон сууц, нийтийн аж ахуйн конторууд нь аж ахуйн нэгж байгууллагыг ус, дулаан, цахилгаанаар хангах, түгээх үйлчилгээ тохируулга, засварыг хариуцдаг аж. Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэхэд дулаан түгээх, дулаанаар зохицуулалтай хангах болон ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхлэх хоёр төрлийн тусгай зөвшөөрлийг олгодог байна. Нийслэл хотод 2019 оны байдлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй 61, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөлтэй 82 хувийн орон сууцны контор үйл ажиллагаа явуулж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хувийн хэвшлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага болон Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаа холилдсон, тодорхойгүй байдал үүсч байна.Орон сууцны ашиглалт засвар үйлчилгээг хариуцсан байгууллагын бүтэц зохион байгуулалтын нэгдсэн бодлого алдагдсанаар орон сууцны ашиглалтыг СӨХ-гүй орон сууцны контор, Орон сууцны конторгүй СӨХ, ашиглалтын контортой СӨХ хариуцдаг бүтэцтэй болоод байна. Энэ давхардсан тодорхойгүй бүтцээс үүдэж хэрэглэгчид, оршин суугчид хохирч байна” гэлээ. Цаашид эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, тусгай зөвшөөрөлгүй конторын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрөл олгох цуцлахад орон нутгийн Засаг захиргааны байгууллагын саналыг авч байх, үйлчилгээ нь доголдсон орон сууцны контор болон Буянт Ухаа-1, 2 хорооллын орон сууцны ашиглалт үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх талаар саналыг Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ. Зөвлөлийн гишүүд уг саналыг дэмжиж хуулийн дагуу арга хэмжээг авах ёстой гэдэг байр суурьтай байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг яаралтай шинэчлэн баталж 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
1 comment
Энэ асуудлыг цогцоор нь шийдэх цаг нь болсон Мэрэгжлийн ажлаа мэддэг хүмүүсийг татан оролцуулж санал хүсэлтийг авч ажил хэрэгч хандах ёстой байхаа