УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзалт хийлээ.
Тэрбээр УИХ-ын үйл ажиллагаа, гаргасан онцлог шийдвэр, хууль тогтоомж, зорилго чиглэлийн талаар танилцуулж, үүрэг даалгавар өгсөн юм.
Г.Занданшатар:
- УИХ улсын эдийн засгийг сэргээх амлалтаа биелүүлэх, шударга ёс, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвхтэй, шахуу ачаалалтай ажиллаж, нийтдээ 1,250 гаруй хууль, тогтоомж баталсан.
- Энэ удаагийн Их Хурал парламентын засаглалаа бэхжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 3 парламент дамжиж, 10 гаруй жил яригдсан Монгол төрийн томоохон үйл хэргийг гүйцэтгэж чадлаа.Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь засаглалын хяналт-тэнцлийг хангаж, парламентат ёсыг бэхжүүлэх, төрд сахилга хариуцлага, нийгэмд шударга ёсыг тогтоох, шүүхийн хараат бус, нутгийн захиргааны бие даасан байдлыг бататгах, цогцоороо бол хууль эрх зүйн өөрчлөлт хийх суурь нөхцөл болох болно. Үүнийг бид гадаад, дотооддоо нэг мөр ойлговол зохино. Энэ хүрээнд бид өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлж байна.
- Парламентад шинэчлэл эхэлсэн. Гишүүдийн ирц, үг хэлэх, санал хураахыг хурууны хээгээр бүртгэдэг болсноор хуралдааны ирц эрс нэмэгдсэн.
- Ард түмний засаглах эрхийг хангаж, парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байна. Хууль батлаад орхих биш, хэрэгжилтийг нь хянадаг, шалгадаг зарчмыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суулгасан.
- Баян, хоосны ялгаа ихэсч, нийгмийн тэгш бус байдал газар авсан, шударга ёсыг тогтоох ёстой шүүх засаглалын үнэлэмж буурсан, төрд итгэх иргэдийн итгэл буурсан. Энэ бүхнийг сэргээхэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
- Өнгөрсөн 30 жилийнхээ алдаа, оноонд дүгнэлт хийж, ирэх 30 жилийн өнгийг тодорхойлох зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн юм. Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хангах нь нэн чухал байна.
- Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрүүдэн шүүхийг зогсоох, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад анхаарч байна.
- Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг чуулганаар хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоол гаргаж, тодорхой үүрэг чиглэлүүд өгсөн.
- С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр олон нийтэд эргэлзээ төрүүлж, ОУПХ-ны удирдах зөвлөлөөс хүртэл шийдвэр гарсантай холбогдуулан Түр хороо байгуулан ажиллаж байна.
- Шүүх, хуулийн байгууллагад шинэчлэл хийх, ял завших боломж олгохгүй байх, яллах, цагаатгах зарчмыг тэгш баримталж, гагцхүү нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийддэг байх ёстой гэж үзэж байна.
- Улсын Их хурал “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” баталж, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар өрөнд баригдаж, дефолт зарлахын ирмэг дээр очоод байсан эдийн засаг 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувь өсөөд байна.
- Зөвхөн 2018 онд 6.5 их наяд төгрөгийн гадаад төлбөр тооцоог төллөө.
- Төсвийн тэнцэл сүүлийн 8 жилд анх удаа ашигтай гарсан. Гадаад валютын нөөц 4.0 тэрбум долларт хүрч байна.
- Парламент бол Их ард түмний төлөөлөл Бага ард түмэн гэж ярьдаг. Тиймээс дипломат албаныхан хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа гадаад улс оронд зөв танилцуулж, сурталчилж байх нь чухал байна.
- Улсын Их Хурал 2020.01.01-нээс хэрэгжих 1 хувийн татварын тогтолцоо бүрдүүллээ. Энэ бол иргэдийнхээ бизнес эрхлэгч, баялаг бүтээгч байхыг дэмжсэн томоохон өөрчлөлт юм.
- “Эрдэнэт”-ийн 49 хувь, Тост, Тосонбумбын нуруу, Ноён уул, Салхит, Асгатын ордыг төр, ард түмний мэдэлд шилжүүлэн авсан нь бүхэлдээ хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд чиглэж байгаа.
- Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1, 6.2 дахь заалтаар байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. Бүх улсын Үндсэн хуульд ийм агуулгатай заалт бий.
- Орд газрыг лиценз хэлбэрээр эзэмшиж, ард түмний мэдлийн баялгийг ашигласныхаа татварыг роялти хэлбэрээр төлж байх ёстой. Харамсалтай нь энэ зарчим өнгөрсөн жилүүдэд алдагдсанаас байгалийн баялаг цөөхөн хүний баяжих хэрэгсэл, нийгмийн тэгш бус байдлын шалтгаан болсон нь гадаад, дотоодын судалгаагаар нотлогдож байгаа юм.
- Дундаж давхарга зонхилсон хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийнхаа зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн хууль эрхийн төдийгүй эдийн засгийн томоохон реформыг хийх шаардлагатай байна. Энэ бол “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын нэг тулгуур нь юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ч энэ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.
- “Гурван тулгуур”-ын эхнийх нь Монголын төр, төр шиг байх явдал юм. Хоёр дахь нь баялагтаа монгол хүн эзэн байж, өгөөжийг нь ард түмэн хүртдэг байх буюу эдийн засагт хийх өөрчлөлт. Гуравдугаарх нь монгол хүн, хүн шиг амьдрахад чиглэсэн нийгмийн салбарын шинэчлэл юм.
- Төрийг төр шиг байлгахын тулд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байна. Төрийн алба тогтвортой байна. Улс төрөөс ангид, мэргэшсэн, чадварлаг, мерит тогтолцоонд үндэслэсэн байна. Үүнийг хангасан цогц өөрчлөлтүүд хийгдэнэ. Өөрчлөлт сонгон шалгаруулалтаас эхэлнэ. Хамгийн чадварлаг, ёс зүйтэй хүмүүсийг төрийн албанд ажиллуулдаг болно. Энэ өөрчлөлтийг Төрийн албаны зөвлөл хэрэгжүүлж эхэлж байгаа.
- Төрийн албан хаагчдыг төрийн албаны менежментийн онолд 5 хэв маягаар тодорхойлж байна. Нэгдүгээрт ялагч нар. Тэд өгсөн үүрэг даалгаврыг сайн хэрэгжүүлээд зогсохгүй, санаачилгатай ажилладаг, үр дүнд хүргэж чаддаг. Хоёрдугаарт нь сайн гүйцэтгэгчид гэж байна. Энэ бол өгсөн үүрэг даалгаврыг яс хэрэгжүүлдэг хүмүүс. Гуравдугаарх нь муу гүйцэтгэгчид. Үүргээ хагас дутуу хэрэгжүүлдэг хүмүүс гэсэн үг. Дөрөвдүгээрт зомби нар гэж байдаг аж. Амьд үхдэл мэт, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хүмүүс. Санаачилгагүй, хувиа борлуулж, довоо шарлуулаад явж байхыг илүүд үздэг. Тавдугаарт хорлон сүйтгэгч нар гэж байна. Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар ийм улсуудаас болоод улсын төсөвт 810 сая төгрөгийн хохирол учирсан байна. Төрийн албан хаагчдын гаргасан буруу шийдвэрээс болж гарсан хохирол гэсэн үг.
- Авлигаас болж гарч байгаа хохирлын хэмжээг тооцож баршгүй. АТГ 2.0 их наяд гэж хэлж байгаа.
- Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийг дээрхийн адил 5 ангилж болно. Хорлон сүйтгэгчид жишээ нь бий. Хар тамхины хэрэг дэлхий дахинд Монгол Улсыг, Монголын төрийг шороотой хутгалаа. Хохирлын хэмжээг мөнгөөр үнэлэх аргагүй. Наанадаж өөрийнхөө карьерийг, цаашлаад дипломат албаны болон Монгол Улсын нэр хүндийг, дипломат хөх паспортын чадамжийг алдагдуулсан хэтэрхий хариуцлагагүй үйлдэл бол энэ. Хамгийн том хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлж болно. “Саарал жагсаалт”-д ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл энэ мөн.
- Бусад 4 төрлийг ярилгүйгээр ганцхан жишээг дурдаад зогсъё. Сайн, муу гүйцэтгэгч, зомби мэт хүмүүсийн аль аль нь бий. Ялагч мэт ажиллаж байгаа хүмүүс ч байна.
- Төрийн дипломат албаны ажилтнууд бүгдээрээ ялагч байж, санаачилгатай, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч, эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж ажиллах шаардлагатай байна. Энэ бол шинэ цаг үед тавигдаж байгаа шаардлага, хамгийн чухал зорилт юм. 2020 оноос энэ шаардлагыг улам хүчтэй, хатуу тавих болно.
- Парламентаас батлан гаргасан олон чухал хууль тогтоомжийн талаар дурдаж, ярьсангүй. Нэн чухлаар тавигдаж байгаа төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, үүнээс улбаалсан төр нь төр шиг байх зарчмын асуудлыг хөндөж ярилаа.
- Хууль эрх зүйн эдгээр өөрчлөлт болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг судлан танилцаж, гадаад орчинд зөв таниулах, сурталчлах ажил ДТГ-ын тэргүүн Та бүхний эн тэргүүний үүрэг гэдгийг онцлон хэлмээр байна.
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 шахам хуульд нэмэлт, өөрчлөлт орж, эрх зүйн өөрчлөлт хийгдэх болно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг яг энэ өдрүүдэд хэлэлцэж байна.
- Монгол Улс “саарал” жагсаалтад орсныг Та бүхэн мэдэж байгаа. Эндээс богино хугацаанд гарах нь бидний нэн чухал зорилт юм. Үүнд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Та бүхэн онцгой анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байна.
- Хууль бус наймаа хийдэг, далд эдийн засаг нь газар авсан, Монгол Улс зэвсгийн наймаа хийгээд байдаг ч юм шиг, иймэрхүү “саарал” дүр төрхийг гадаад ертөнцөд бид өөрсдөө бүрдүүлсэн нь энэ асуудалтай ямар нэг байдлаар холбогдоно. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдаж, 35 их наяд буюу Монгол Улсын ДНБ-ээс бараг 2 дахин их мөнгө ил болсон. “Ийм их мөнгө далд байсан гэж үү” хэмээн гаднынхан гайхаж байгаа. Тэр их мөнгөний эх үүсвэр хаана байна гэхээр өнөөх дуулиан шуугиант хэрэг явдлууд хардлага сэрдлэгийн үндэс болж байгаа юм.
- Түүнчлэн оффшорт төчнөөн тэрбум доллар байна гэх мэт дотоодын хариуцлагагүй мэдэгдлүүд, замбараагүй байдал бас нэрмээс болж байна. Ийм учраас ФАТФ-ын тавьсан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх, нөгөө талаар бодит мэдээллийг гаднынханд өгөх, тэдний дэмжлэгийг авах нь чухал байна.
- Ер нь бидний авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг суугаа болон хавсран суугаа орнууддаа шуурхай мэдээлж, зөв тайлбарлан ойлгуулах нь чухал шүү.
- УИХ-аас Арабын Нэгдсэн Эмират Улс, Беларусь Улсад ЭСЯ, БНХАУ-ын Шанхай, Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тогтоол баталсан. Куба, Польш, Тайланд, Швед, ОХУ, НҮБ-д суух Элчин сайд нарыг томилох асуудлыг шийдвэрлэлээ.
- УИХ-аас гадаад улс орнуудын парламенттай харилцах харилцаа хэвийн сайн байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ, Европын парламент хоорондын уламжлалт уулзалт Брюссель хотноо боллоо. УИХ энэ жил Ази, Номхон далайн парламентын бүсийн чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар УИХ-д гадаадын парламенттай хамтран ажиллах найрамдлын 55 бүлэг үйл ажиллагаа явуулж байна.
- Английн гадаад харилцаагаа эдийн засагжуулах хөтөлбөр, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн салбар холбоо ажиллуулдаг зэрэг эдийн засгийг үр өгөөжтэй болгоход чиглэсэн гадаад улс орнуудын сайн туршлагаас суралцахад Та бүхэн анхаарах ёстой.
- АНУ-ын Конгрессоор “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг батлуулахад манай Элчин сайд идэвх чармайлт гарган ажиллаж байгаа. Үр дүнгээр нь Элчин сайдын үйл ажиллагааг дүгнэх болно. Ийм үр дүнгүүдийг Элчин сайд бүр гаргаж ажиллах шаардлагатай байна гэсэн юм.
1 comment
Хариуцлагагүй сахилгагүй байдлаа өөгшүүлэх шаардлагагүйТэр байдал газар авснаас болж дээр дооргүй идэж уух эмх замбраагүй байдал газар авсан Одоо эрс шийдэмгий арга хэмжээ авахгүйгээр энэ байдал засрахгүй шүү