ОХУ-ын Саратов, Самара бүс нутгийн бизнес эрхлэгчид манай улсад ирээд байна. Тэд өнөөдөр манай улсын зарим компани, ААН-ийн төлөөлөлтэй “Sky Plaza” төвд уулзлаа.
Хойд хөршийн бизнесийн бүрэлдэхүүнд ган торх үйлдвэрлэгч “Саратовский резервуарный завод”, ган хаалга, барилгын материалын үйлдвэрлэлийн “ДНК”, мөн ус, дуу, дулаан тусгаарлагч материалын “Мягкая кровля”, цахилгаан техник, тоног төхөөрөмжийн “Электроаппарат”, галын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Самарапожмаш” үйлдвэрийн төлөөлөл болон ОХУ-ын ЖДҮ-ийн экспортыг дэмжих холбооны Москва хот болон Саратов бүс нутгийн удирдлага ирээд байна.
Уулзалтын үеэр тухайлбал, “Саратовский резервуарный завод”-ын худалдаа хариуцсан захирал Е.Ю.Звонарева хэлэхдээ, “Манай үйлдвэр 100-500 шоо дөрвөлжин м-ийн багтаамжтай, хэвтээ, босоо, нөөцийн ган агуулах сав үйлдвэрлэж Азербайжан, Казахстан болон Африкийн орнуудад нийлүүлж байна.
Манайх азотын бордооноос аваад улаан буудайн агуулах, нефть, химийн бүтээгдэхүүн хадгалж нөөцлөх зэрэг янз бүрийн зориулалтын агуулах савыг үйлдвэрлэж, газар дээр нь барьж байгуулж байна. Тиймээс бид Монголд ДЦС, ШТС, барилга, ХАА-н үйлдвэрлэлийн ААН-үүдтэй холбоо тогтоохоор ирсэн” хэмээн танилцуулж байв. Уулзалтад ирсэн манай улсын “Тод Петролиум” ХХК-ийн нефтийн инженер Б.Батдорж “Саратовский резервуарный завод”-ын ган торхыг сонирхож буйгаа бидэнд хэлж байв.
Саратов, Самара бүс нутгийн үйлдвэрийнхний энэ удаагийн айлчлал нь энэ онд ОХУ-аас ирж буй бизнесийн 12 дахь төлөөлөл болж буйг Монгол Улсаас ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгш онцлов.
Тэрээр, “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад өнгөрсөн намар Халхголын ялалтын 80 жилийн ойгоор айлчилсны дараагаар хоёр орны бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар анхаарч, хойд хөршийн бизнесийнхэн давтамжтай айлчилж ажил хэргийн холбоо тогтоож байна” гэдгийг хэллээ.
Зөвхөн үүгээр зогсохгүй, ОХУ-ын ЖДҮ-ийн экспортыг дэмжих холбоо өөрийн бизнес эрхлэгч нараа бүс нутаг дотроо төдийгүй гадаад орнуудтай хамтын ажиллагаагаа өрнүүлэхэд санаалчилгатай ажиллаж байгааг дуулгалаа.
Үүнийг баталж энэ удаагийн бизнес төлөөлөлд ирсэн ОХУ-ын ЖДҮ-ийн экспортыг дэмжих холбооны гүйцэтгэх захирлын орлогч С.С.Раковских хэлэхдээ, “Тиймээ. Манай холбооны салбар төвийг Оросын бүс нутаг бүрт байгуулж бид “Мой бизнес” төслийн хүрээнд үйлдвэрлэгч нараа гадаад дотоод зах зээлд гарахад холбож өгч байгаа. Замын зардлаас аваад санхүүжүүлж бодитоор тусалж байна. Үүний хүрээнд Монголд энэ онд 12 удаагийн бизнес групп ирж танай бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоож эхлээд байна” гэсэн юм.