ОХУ, БНХАУ хамтран өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өглөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Умард Солонгосын асуудлаар тогтоолын төсөл өргөн барьжээ. Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх тухай энэхүү тогтоолын төсөлд АНУ, БНАСАУ-ыг цаашид үргэлжлүүлэн хэлцэл хийхийг шаардсан бөгөөд зургаан талт хэлэлцээрийг сэргээхийг уриалсан байна.
Солонгосын хойгийн нөхцөл байдал одоохондоо маш эмзэг байгаа учраас улс төрийн замаар шийдвэрлэх шаардлага тулгамдаж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хоёр орны хувьд ОХУ, БНХАУ бусад улс орнуудтай хамтран Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, урт удаан хугацааны энх тайван тогтвортой байдлыг хамгаалахын тулд идэвхтэй хүчин зүтгэл гаргахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван улсын хоёр нь ийнхүү тогтоолын төсөл өргөн барьсан ч АНУ, Их Британи, Франц гэсэн байнгын гишүүн гурван орон энэ саналыг хүлээн авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.