Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны (2019.12.17) хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг анх 2002 онд баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд 5 стратегийн зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс нэг арга хэмжээ бүрэн хэрэгжиж, 51 арга хэмжээ хэрэгжилтийн шатанд, үүнээс 11 арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.
Монгол Улсын Их Хурлын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс стратеги зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй; үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд оновчтой бус; хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй; хэн хариуцаж, хэрэгжүүлэх нь тодорхой бус; стратеги төлвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг тооцоогүй; түүнчлэн биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс хэрэгжилт удааширсан зэрэг эрсдэл үүссэн тул Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд уг тогтоолын төслийг санаачлан боловсруулсныг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Улсын Их Хурлын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Уг стратеги төлөвлөгөө нь 6 зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрджээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжлээ.
Дараа нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж Байнгын хороо үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлсэн байна.
Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.