УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.17) хуралдаан 15 цаг 20 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд орон нутагт ажиллаж байгаа тул “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулсан гэж байлаа.
Хуралдаан Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Ж.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс хуулийг хүчингүй болгосноор орхигдуулсан заалт, зүйл бий эсэхийг тодруулахын зэрэгцээ Монгол Улсын хүнсний бараа бүтээгдэхүүнд импортын барааны эзлэх хувийг лавлав.
Ажлын хэсгийн зүгээс Баяжуулсан хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан албан журмаар баяжуулах хүнсий бүтээгдэхүүний жагсаалт гарсан. Засгийн газраас баталсан уг журамд заавал баяжуулах хүнсний жагсаалтад гурил, давс орсон тул Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн зохицуулалт нь Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсгэсэн тул хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Үүнтэй холбоотойгоор орхигдсон хуулийн зохицуулалт, асуудал байхгүй гэж байлаа. Мөн Монгол Улсын гол нэрийн 16 бүтээгдэхүүний жагсаалтад багтсан хүнсний бүтээгдэхүүний 51,1 хувийг импортоор бараа, бүтээгдэхүүн эзэлж байгааг хариултдаа дурдав.
Хууль зүйн байнгын хороо Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа. Иймд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун “Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлая” гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв