Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Талбайд тавьсан энэ хаалтын талаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө.

Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулууг байрлуулсан байдаг. Сүхбаатарын талбайд олон нийтийн арга хэмжээ их болдог.

Төрийн ёслол, хүндэтгэлээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс энэ чулууг тавьсан. 2018 оноос яригдаж байгаад сая ажил хэрэг боллоо.

Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нэвтэрсэн, автомашин хулгайлсан иргэн зугатаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон гэх зэрэг хэргүүд гарч байсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангаж, энэ чулууг хийлгэж тавьсан. Ингэхдээ олон улсын жишгийн дагуу цэвэр монгол чулуугаар хийлгэсэн” гэсэн юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахааргүй байна. Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлагатай. Ажлаа уялдуулах ёстой. Харагдах байдлыг нь ахиад засах хэрэгтэй.

Хот байгуулалт, хөгжлийн газартай хамтраад ажиллаарай. Нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргасан ч загвар дизайныг нь сайжруул. Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хийсэн учраас хариуцаад ахиад өөрчлөх нь зүйтэй” хэмээлээ.

Төрийн тусгай хамгаалалтын газрын зүгээс “Бид Хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гаргасан. Дахин засахад татгалзах зүйлгүй” гэв.

By updown

2 thoughts on “Сүхбаатарын талбайд тавьсан чулуун хаалтын талаар тайлбар өглөө”
  1. Булшны чулуу юм бол 76.н нэрийг сийлэх ъм байна л даа үлдвэл өшөө сийлүүлэх хүн зөхдөө байгаа доо наад саарал ордонд чинь

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн