Хонконгт өнгөрсөн зургадугаар сарын эхээр хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн олныг хамарсан жагсаал өрнөх болсон. Түүнээс хойш тус бүс нутагт нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед Хонконгийн захирагч Кэрри Лэм Бээжинд айлчилж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян өнгөрсөн даваа гаригт түүнийг өргөөндөө хүлээн авч уулзжээ. Ли Көцян Хонконгт өрнөөд буй эмх замбараагүй байдалд цэг тавьж, хүн амын нийгмийн асуудлыг шийдэхийг Кэрри Лэм үүрэгдсэн байна.
Тодруулбал, Ли Көцян Хонконгийн нийгэмд тулгараад буй асуудлуудыг нухацтай судалж, тогтвортой байдлыг хангах шаардлагатайг онцолжээ. Энэхүү айлчлалын хүрээнд Хонконгийн захирагч мөн БНХАУ-ын дарга Си Жиньпинд бараалхах гэнэ. Сүүлийн хагас жилийн хугацаанд Хонконгт нийт 900 гаруй жагсаал болж, 5.8 мянга гаруй хүнийг баривчилжээ. Мөн 932 жагсагчийн эсрэг янз бүрийн заалтаар хэрэг үүсгээд байгаа аж.