Уг хуулийн төслийг арванхоёрдугаар сарын 2-ны өдөр ажлын хэсэг УИХ-ын даргад өргөн барьсан. Ирэх сонгуулийг 50+26 буюу 50 жижиг мажоритар, улс нэг тойрогт 26 хүн өрсөлдөнө гэдэг хувилбараар явуулахаар хуулийн төсөлд тусгасан юм.
Хэдийгээр МАН-ын Удирдах зөвлөлийн 33 гишүүний дийлэнх нь дээрх хувилбарыг дэмжсэн ч одоог хүртэл бүлэг байр сууриа нэгтгэж чадаагүй байгаа билээ. Үүний гол шалтгаан болох жагсаалтаар нэр дэвших 26 хүний асуудлыг яаралтай шийдэхгүй бол хуулийн хугацаа тун бага үлдээд буй. УИХ дахь МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэн өргөн баригдсан хувилбараар буюу 50+26-гаар батлах эсвэл уг санал олонхын дэмжлэг авч чадахгүй бол өмнөхөөрөө буюу жижиг 76 тойргоор сонгууль явуулах эсэхийг шинэ он гарахаас өмнө шийдэх ёстой юм.