Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсын Харвардын их сургуульд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Харвардын их сургуулийн Судалгаа, олон улсын хөтөлбөр хариуцсан декан Маршал Др.Маргот Гилл болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Харвардын анагаахын сургуулийн төгсөлтийн дараах анагаах ухааны боловсролын газар хамтран Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багшлах бүрэлдэхүүнийг хөгжүүлэхэд чиглэсэн цахим холимог сургалтын хэлбэрээр явагдах “Т2С” хөтөлбөрийг зохион байгуулахаар Харилцан ойлголцлын санамж бичгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Харвардын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Марк Эллиотт нар байгууллаа.
Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа клиникийн/эмнэлзүйн эмч нарт чиглэсэн сургалт (Т2С) хөтөлбөрийг хамтран зохион байгуулна. Хөтөлбөрт хамрагдагсад нь бакалаврын сургалтыг дүүргээд 5-10 жилийн ажлын туршлага, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх бөгөөд хөтөлбөр нь тус бүр дөрвөн өдрийн хоёр сургалтаас бүрдэнэ. Нэгдүгээр сургалт нь клиникийн суурь судалгааны болон анагаахын боловсрол/харилцааны чадварын тухай байх бол хоёр дахь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, манлайллын тухай байна. Тус хөтөлбөрт хамрагдагч нь АНУ-ын Харвардын их сургуульд тодорхой хугацааны хичээлийг танхимаар үзэх боломж нээгдэж байгаа юм.
БСШУСЯ