УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар хэдэн албан тушаалтан ял завшсан талаар чуулганы хуралдааны үеэр мэдээллээ.
Тэрбээр “… Хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байсныг 5 жил болгосны үр дүнд маш олон гэмт хэрэгтэн ял завшиж, олон хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүнээс хойш буюу 2019 оны аравдугаар сарын 20-ны байдлаар нийтдээ 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүний үр дүнд 1200 гэмт хэрэгтэн ял авагүй. Авлига, албан тушаалтны 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүний дунд оймсны гэх хэрэг багтана. Оймсноос нь 25 сая төгрөг, гэр, албан тасалгаанаас нь нэг тэрбум төгрөг илэрсэн. Хахуулийн мөнгө. Гэтэл ял авалгүйгээр эрх чөлөөтэй алхаж байна. 629 гэдэг тоог шүүх, прокурорын байгууллагаас авсан. Үүнээс хойш дахиад 47 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Энэ бол прокуророос өгсөн тоо. Шүүхээс дахиад хэдэн хэрэг хэрэгсэхгүй болгож байгааг мэдэхгүй. Хууль нь ийм юм чинь өөр яалтай билээ. Тун удахгүй авлигын 11 гэмт хэрэг хэрэгсэхгүй болно. Энэ дотор алдарт Жаст Батхүүгийн хэрэг явж байгаа. Үүний хохирол 43 тэрбум төгрөг.
Хөөн хэлэлцэх хугацааны улмаас хэрэгсэхгүй болсон хэргүүдийн нийт хохирол хоёр их наяд төгрөг. Өнөөдөр хөөн хэлэлцэх хугацааг засаж байна гэж байгаа боловч энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд цаг их ордог. Мөрдөн шалгаж байх хоооронд хөөн хэлэлцэх хугацаа дуусах эрсдэлтэй. Угаасаа ч тэгж байна. Өдөрт 1-2 гэмт хэрэг хэрэгсэхгүй болж байна. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөнө гэлээ. Тэгсэн ч ялгаагүй. Х.Нямбаатар тэргүүтэй гишүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэмт хэргийг дахиж сэргээнэ гэсэн. Ингэх боломжгүй. Тэд өөрсдөө сайн мэднэ. Хуулиар эрх зүйн дээрдүүлсэн нөхцөлийг хэрэглэдэг. Ингэхээр ямар ч ялгаагүй” гэлээ.