Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/, Монголын Аутизмын Холбоо, Гэрэлт Оюун хүүхдүүд ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” сургалтыг гурав дахь удаагаа зохион байгуулж Баянзүрх дүүргийн ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн багш нарын төлөөлөл 100 гаруй хүнд дээрх сэдвээр мэдлэг ойлголт өглөө.
БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” өнгөрсөн таван сард батлагдсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харьяа дүүргийн ЕБС-д суралцах боломж нээгдэж байгаа юм.
БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг урт хугацаанд үр дүнтэй байлгах зорилгоор багш нарыг сургах, шаардлагатай мэдлэг ойлголт, ур чадварыг олгох сургалтад Улаанбаатар хотын 1000 орчим багшийг хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол 300 гаруй багшийг хамруулаад байна.
Тэгш хамруулан сургах бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” сургалтын материалыг бүх аймгуудад хүргэсэн. Мөн “Autism Canada” байгууллагаас гаргасан эцэг эх,багш нарт зориулсан гарын авлагыг Монголын Аутизмын холбоо орчуулан БСШУС-ын яамнаас санхүүжүүлэн хэвлүүлж сургалтад оролцогчдод өглөө.
Эх сурвалж: БСШУСЯ