Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгогдсон байж магадгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байна хэмээн АТГ-ын дэд дарга, тэргүүн комиссар Ж.Батсайхан хэвлэлийнхэн ам алджээ.
Манай байгууллага Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах хүсэлтээ Прокурорт гаргасан нь үнэн. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг эрэн сурвалжлах ажил 2-3 төрлөөр явагддаг. Ч.Сайханбилэгийг цэнхэр зэрэглэл буюу байршил тогтоох гэсэн агуулгаар хайж байгаа. Ямар шийдвэр гарсныг мэдэхгүй байна хэмээн хэлсэн талаар 24tsag мэдээллийн сайт өгүүлсэн байсан.
Ч.Сайханбилэг нь 10 дугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн хүсэлт тавиад, Төрийн тусгай хамгаалалтаа эх орондоо үлдээгээд хилийн дээс алхажээ. Зарим эх сурвалж түүнийг БНСУ-д биш АНУ-д бий хэмээн бичиж байсан.
Интерполоор эрэн сурвалжлах мэдээ гарснаас хойш 14 хоног хэл сураггүй байсан Ч.Сайханбилэг АТГ-ын дэд даргын тайлбарын дараа “удахгүй эх орондоо очно” гэсэн мэдээг хэвлэлээр дайжээ.