АНУ-ын Элчин сайдын яамнаас жил бүр Монгол Улсын хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан гаргадаг. Өнгөрсөн 2018 онд Монгол Улсын хүн наймаалах асуудлын төлөв байдлын зэрэглэлийг бууруулж, хоёрдугаар шатлалын анхаарал татсан орны жагсаалтад оруулсан талаар тайлан дурджээ.

Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулж, нийт зургаан бүлгийг илрүүлэн шалгасан билээ.

Тус албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн нэр бүхий таван эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн, өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус оногдуулан шийтгэж байв.

Монгол Улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа ч энэ талаар чамгүй чармайн ажиллаж буй юм. Тухайлбал, төрөөс хүний наймааны хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олон хохирогчийг хилийн чанадаас эх оронд нь авчрахад тодорхой санхүүжилт зарцуулж, “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Гэвч өмнөх жилтэй харьцуулахад хүний наймааг таслан зогсоох төрийн чармайлт төдийлөн нэмэгдээгүй байна.

Шинэ Эрүүгийн хуультай бүрэн танилцаж амжаагүй гэх шалтгаанаар прокурорууд ял шийтгэл оногдуулах оновчтой арга замыг эрэлхийлж, хэрэг тус бүр дээр хянамгай ажиллахын оронд шинэчлэн найруУлсан Эрүүгийн хуулийг батлах явцад шалгагдаж байсан хүний наймааны 26 хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Эрх мэдэл бүхий төрийн албан хаагч, байгууллагууд хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн тоог бууруулаад зогсохгүй, энэ хугацаанд гэмт хэрэгтэнд ямар ч ял эдлүүлээгүй. Төрөөс гол холбогдох талуудад зориулсан хүний наймааны чиглэлээр дагнасан сургалт зохион байгуулахад санхүүжилт хийгээгүй бөгөөд хохирогч хамгаалах үйлчилгээний гол ажлыг нугалдаг ТББ-уудад гурав дахь жилдээ дараалан санхүүжилт төсөвлөөгүй аж.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн заалтууд нь прокурор хүний наймааны гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдийн эсрэг хэрэг нээх хүртэл тухайн хэргийн хохирогч хамгаалах байр болон халамж үйлчилгээ авах эрхгүй байхаар заасан нь хохирогч хамгаалах үйлчилгээ хязгаарлагдмал. Энэ нь Монгол Улсын хувьд хүртээмжтэй байдлыг улам хязгаарлаж буй аж.

Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-наас мэдээлснээр, өнгөрсөн онд хүн худалдах 26, энэ жил 65 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар ЭЦА-наас Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн 36 холбогдогчтой, 82 хохирогчтой (үүнээс 29 нь насанд хүрээгүй) 19 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эдгээрээс долоогийнх нь хэргийг прокурор, шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь 4-5 удаа ял шийтгэл эдэлж байсныг цагдаагийнхан онцолсон.

Өдгөө ЭЦА-ныхан Монгол Улсын иргэн Б нэр бүхий загварын агентлагуудын загвар өмсөгч А, Б, Х, Б, Н болон насанд хүрээгүй Х, Б нарын 10 охиныг БНХАУ-ын Хөх хотод байрлах “Шангри-Ла” зочид буудлын караокед биеийг нь үнэлүүлэхээр гадаадын иргэнд зуучилсан хэргийг шалгаж буй юм байна.

Загвар өмсөгчид өмнө нь ч цөөнгүй удаа бэлгийн мөлжлөгт өртөж байжээ. Монгол Улсын иргэн М-ыг нутаг нэгтэн нь байнга зодож, дарамтлан БНХАУ-ын Эрээн, Бээжин, Шинжинь зэрэг хотоор дагуулан явж, биеийг нь хүчээр үнэлүүлж, худалдсан хэрэг шалгагдаж байгаа аж.

ЭЦА-ны эх сурвалжуудын мэдээлснээр, гэмт этгээдүүд охидыг Камбож, Хонконг, Макао, Хайнань арал, Малайз, БНХАУ-ын Шанхай хот, Сэхэ болон Цагаан хадны боомтод монгол охидын биеийг үнэлүүлдэг байна.

Мөн гэр бүл зуучлал нэрээр хөдөлмөрийн мөлжлөг хийж, монгол иргэдийг худалддаг болжээ. Харамсалтай нь, хил дамнан худалдагдсан хохирогчдоос цөөн хэдийг нь авчирч чаддаг аж. Тухайлбал, 2018 онд БНХАУ-аас 14 иргэн, Малайзаас 2, Мьянмараас 4, Камбожоос дөрвөн иргэнийг нутагт нь авчирсан байна. Энэ жилийн хувьд Киргиз, Филлипин, БНХАУ-аас тус бүр нэг хохирогчийг авчирч чаджээ.

Б.ЖАРГАЛ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн