Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Германы хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах үеэрээ Хятадад амьдарч байгаа казах хүмүүс юуны өмнө БНХАУ-ын иргэд тул тэдний олноор оршин суудаг Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд болж байгаа зүйл нь Хятадын дотоод хэрэг гэж мэдэгдсэн гэдгийг “Синьхуа” агентлаг уламжилсан байна.
Үүний дараахан БНХАУ-ын ГХЯ-ын албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин хэвлэлийнхэнтэй уулзах үеэр Казахстаны Ерөнхийлөгчийн энэ мэдэгдэлд тайлбар хийсэн байна. Тэрээр Хятад Казахстан хоёрыг найрсаг хөршүүд, байнгын стратегийн түншүүд гэдгийг онцлоод саяхан Токаевын БНХАУ-д хийсэн айлчлал ихээхэн үр дүнтэй болсон гэж хэлсэн байна. Улмаар хоёр улсын нөхөрлөл бат бэх гэдгийг Казахстаны Ерөнхийлөгч мэдэгдэл тусган харуулахтай зэрэгцэн зарим улсын зүгээс Бээжинг үндэслэлгүйгээр буруутгаж байгааг үгүйсгэсэн хэрэг гэжээ.