Их Британийн эзэн хааны шагналт, Лондонгийн Хейуорд галерейн захирал, Америк гаралтай Куратор Ралф Ругофын удирдлага дор зохион байгуулагдсан “Сонирхолтой цаг үед амьдрах болтугай” нэртэй Венецийн дүрслэх урлагийн 58 дугаар олон улсын биеннальд Монгол Улс гурав дахь удаагаа “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр оролцлоо.
Уг биенналь нь долоон сарын турш үргэлжилсэн бөгөөд манай улсын уран бүтээлчдийн үзэсгэлэнг 80 мянга орчим хүн үзэж, олон улсын 30 гаруй сэтгүүл хамгийн шилдэг үзэсгэлэнгийн тоонд жагсаасан байна.
Венецийн биеннальд эх орноо төлөөлөн оролцсон, уран бүтээлч Э.Жанцанхорол нь дүрслэх урлагийн чиглэлээр Нью Йорк хотын Хантэр коллежид суралцаж баклаврын зэрэг, Лос Анжелос хотын Калифорнийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан ба нэртэй уран бүтээлч М.Эрдэнэбаяр, Ж.Мөнхцэцэг нарын хүү юм.
“Агшин Зуур” үзэсгэлэнг онцгойлон баяжуулсан өөр нэг зүйл бол ер бусын нийлэг материалаар бүтээсэн хар өнгийн абстракт баримлууд байршсан үзэсгэлэнгийн орон зайнд Монгол хөөмэйч Н.Ашит, Д.Дамдин, А.Ундармаа, Д.Даваасүрэн нар Германы домогт уран бүтээлч Карстэн Николайн хамт харилцан үйлдэлт авиан дүрслэлийн туршилтыг хийсэн явдал аж.
Энэхүү бүтээлээр дамжуулан хөөмэйн уламжлалт арга барил нь дүрслэлийн буюу дүрслэх урлагийн төрөл зүйл мөн байсан гэдгийг батлан харуулахыг зорьсон ба нэн орчин үеийн хэллэг рүү хөрвүүлж чадсанаар уг бүтээл ер бусын шинэлэг болж чаджээ.
Энэ жилийн наадмын нээлтэнд 25 мянга орчим олон улсад нэр нөлөөтэй урлаг судлаач, уран бүтээлч, цуглуулагч, улс төрчид оролцсон ба долоон сарын турш нийт 600 мянга орчим хүн үзжээ.
Тэдгээрээс онцловол Хилари Клинтон, жүжигчин Брэд Пит, Жули Эндрюс нар байжээ. Олон улсад нэр хүндээр тэргүүлдэг энэхүү наадамд энэ жил 89 орны уран бүтээлч оролцсоноос Гана, Мадагаскар, Малайз, Пакистан улс анх удаа оролцсон тохиолдол байв.
Мөн Казакстан Улс анх удаа оролцохоор албан ёсоор зөвшөөрлөө авч, биенналийн цахим хуудас, бусад хэвлэл мэдээллээр бичигдэж эхэлсэн боловч багийн дотоод зөрчил, үл ойлголцлоос үүдэн төсөл нь зогсч, тус маргаан нь олон улсын хэвлэл мэдээллийн бай болж дуусчээ.
Дээрх үзэсгэлэн нь тухтай болон тухгүй, өнгөрсөн ба одоо цагийн хачин хоёрдмол мэдрэмжийг үзэгчдэд төрүүлэхийн сацуу амьтай болон амьгүй зүйлсийн хувьсал, зохицлын талаар өгүүлсэн байна.