2019-12-10 13:561min025

Хятад: Монголчууд дэлхийн ой тогтоолтын аваргын хамаг медалийг хамлаа, аймшигтай, анхаар!

111

БНХАУ-ын Үхань хотод зохион байгуулагдсан Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 3-наас 12-р сарын 08-ны хооронд 33 орны 520 тамирчид 5 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодруулсан.

Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлөн 16 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцон 5 алт, 8 мөнгө, 7 хүрэл нийт 20 медаль хүртэж, багаараа дэлхийн холбооны дээд аварга болсон тухай баярт мэдээг бидэнд дуулгасан билээ.

Бид баярт мэдээгээ дуулаад удаагүй байхад Хятадын сайт дээр хоёр жилийн өмнө “Монголын оюун ухааны тамирчдаас эмээсэн, тэднээс болгоомжилсон өнгө аяс бүхий мэдээлэл хятадын сайт дээр гарсан тухай нэрт орчуулагч, доктор, профессор Д.Болдбаатар өөрийн boldbaatar Dorjsuren нүүр номондоо дараах постыг оруулжээ.

Тэрбээр “Хятадын сайт дээр гарсан энэхүү бичлэг дээр “3-хан сая хүн амтай Монголчууд дэлхийн ой тогтоолтын спортын аварга шалгаруулах тэмцээний хамаг медалийг хамлаа. Аймшигтай, болгоомжлогтун” гэсэн утгатай зүйл бичжээ.

Намайг урд ажлаар явж байхад нэг албаны хүн зоогийн ширээний ард “Та хятад хэлийг маш богино хугацаанд заагаад ном уншуулж сургадаг гэсэн. Сүүлийн үед танай ой тогтоолтын тамирчид дэлхийд цахиур хагалаад байгаа. Тэдний амжилт таны аргатай ямар нэгэн сэжмээр холбогддог уу?” хэмээн асууж билээ.

Өвгөдөөс уламжлагдаж ирсэн оюуны оньсыг тайлах арга ухаан харийн хүчирхэг гүрнүүдийн хувьд тайлагдашгүй оньсого мэт санагддаг байж мэдэх л дээ.

Миний энэ оруулсан бичвэр 2017 оных юм. Сая манай ой тогтоолтын баг бас л хамаг медалийг нь хамаад ирсэн сурагтай байна лээ. Хошин урлагийнхан дунд одоо гавьяатаас нь илүүтэй “гавьяагүйг” нь тоолоход амар болчихоод байгаа төр засгийн шагнал урамшлын хошин бодлого, тогтолцоо үйлчилж байгаа нөхцөлд амжилт бүтээлээрээ дэлхий нийтийг гайхшируулаад байгаа ой тогтоолтын аварга дүү нар минь дотоодоос илүү харж билүү долоогоод юу хийх билээ” хэмээсэн байна.

zhuanlan.zhihu.com сайт дээр дараах байдлаар мэдээлэл түгсэн байна.

Анхаар! Тархины ой санамжийн тэмцээнд Монголын баг ахин өрсөлдөж, 73 медаль хүртэж, дэлхийн 6 шинэ дээд амжилтыг тогтоов. Хүч чадал нь аймшигтай юм!

 

“8-р сарын 26-нд БНХАУ-ын Хонконг хотноо болсон Азийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд 11 орны 50 гаруй тамирчин, түүний дотор Монголын шигшээ баг оролцов. Монголын баг маш их хүч чадлаа харуулж эхний өдөр гурван тэмцээнд 27 медалийн 18-ыг нь хүртсэн бөгөөд тэмцээний сүүлийн өдөр тэд нийт тэмцээний эхний гурван байрт орсон байна. Тоглогчид ямар ч медалийг хуваалцах боломжгүй, тэдний хүч чадал аймшигтай юм!

28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль: Монголын баг нийт 90 медалийн 73-т нь тэнцэж, дэлхийн 6 шинэ дээд амжилтыг эвдлээ.

Сүүлийн 3 жилийн хугацаанд манай тамирчид АНУ, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайвань, Их Британи, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг 44 улсад 44 удаа оролцсон. Монголын тамирчид нийт 685 медаль цуглуулав” гээд тамирчдын амжилтаас дурьдсан байна.

Бэлтгэсэн: Н.БАТАА