ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал, хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан санал солилцсон юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал уулзалтын эхэнд, “Хатагтай Малгожата Гошевскаг уулзан танилцаж байгаадаа баяртай байна. Монгол, Польш хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл 2017 онд тавигдаж байсан.
Тухайн онд БНПУ-ын Тусгай сургалт, өндрөөс аврах ажиллагааны зааварлагч, мэргэжилтэн ноён Роберт Шуман Монгол Улсад хүрэлцэн ирж, Онцгой байдлын албаны өндрөөс аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулсан юм” хэмээн онцоллоо.
Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд нийт 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг хүлээн авч, НОБГ, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад олгосон. Мөн тус төслийн хүрээнд гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэгийг хүлээж авахад бэлэн болоод байна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын чадавхыг дээшлүүлэх ажлын хүрээнд Варшав, Лодзь, Краков хотуудад академик түвшинд 9 алба хаагч суралцаж байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газар