Монгол Улсын макро эдийн засгийн 2019 оны III улирлын тайлан гарчээ.
Эдийн засагт бодит өсөлт: 2011 онд 17.5 хувь байсан эдийн засгийн өсөлт тасралтгүй буурч 2016 оны эхний 3 дугаар улиралд 1.6 хувьд хүртэл унасан. Харин 2016 оны 3 дугаар улирлаас хойш аажмаар өссөөр 2019 оны эхний 3 дугаар улирлын байдлаар 6.3 хувьтай боллоо. Энэхүү өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтийн нөлөөгөөр экспортын орлого нэмэгдсэн, үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарт өсөлт гарч эхэлсэнтэй холбоотой байна.
Төсвийн орлого: Нэгдсэн төсвийн орлого 2019 оны эхний 3 дугаар улирлын байдлаар 7,749.0 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1,232.4 тэрбум, төлөвлөгөөнөөс 434.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Хөрөнгийн албан татвар болон онцгой албан татварын орлогоос бусад бүх орлогууд төлөвлөснөөс давж биелсэн байна.
Төсвийн орлогын өсөлт, зарлагын хэмнэлтийн нөлөөллөөр нэгдсэн төсвийн тэнцэл: 2019 оны эхний 3 дугаар улирлын байдлаар төсвийн тэнцлийн ДНБ-нд эзлэх хувь 3.5 хувьтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.6 пунктээр өсч, алдагдалтай төлөвлөсөн 2019 оны төлөвлөсөн дүнгээс 12.9 пунктээр буурч, төсвийн тэнцэл сайжирч байна.
Гадаад худалдааны үзүүлэлтүүд сайжирч, экспорт болон импортын худалдаа нэмэгдэж, гадаад худалдааны ашиг: Экспорт 2019 оны эхний 3 дугаар улирлын байдлаар 5,946.1 сая ам.доллар болж 663.3 сая ам.доллар буюу 12.6 хувь, мөн импорт 4,598.8 сая ам.долларт хүрч 247.8 сая ам.доллар буюу 5.7 хувиар өслөө. Импортын өсөлтөөс илүүгээр экспорт нэмэгдсний нөлөөллөөр гадаад худалдааны тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 415.5 сая ам.доллар буюу 44.6 хувиар өсч 1,347.3 сая ам.доллар боллоо.
Экспортын өсөлтөд эрдсийн бүтээгдэхүүний экспорт, харин импортод уул уурхайн үйлдвэрлэл, түүнийг дагасан үйлчилгээ: Ялангуяа машин, механик, тоног төхөөрөмжийн эд анги, бензин, дизель түлшний импорт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Мөнгөний нийлүүлэлт: Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн 81.4 хувийг төгрөгийн хадгаламж, валютын хадгаламж, валютын харилцах, үлдэх 18.6 хувийг банкны харилцах, гүйлгээнд гарсан бэлэн мөнгөний өсөлт нөлөөлжээ.
Гадаад валютын албан нөөц: Импортын хэрэгцээг хангах түвшин нэмэгдэж байна. Гадаад валютын албан нөөц өмнөх жилүүдэд тасралтгүй буурч 2016 оны 9 сард 1,092.4 сая ам.долларт хүрсэн хэдий ч 2017 оны эхнээс эргэн өсч 2019 оны 9 сард 3,985.6 сая ам.доллар болсон байна. Энэ нь сүүлийн 9 сарын дунджаар тооцсон импортын 7.9 сарын хэрэгцээг хангах түвшинд болж өмнөх оны мөн үеэс 1.9 пунктээр өссөн үзүүлэлт юм.
Төлбөрийн тэнцэл: Төлбөрийн тэнцэл 2019 оны 9 сард 264.3 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнд гадаад худалдааны тэнцлийн ашиг, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтын орлогын өсөлт голлон нөлөөлжээ.
Зээлийн үйлчилгээний төлбөр: Нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр 2019 оны 3 дугаар улирлын гүйцэтгэлээр 627.1 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 8.1 хувь, нийт зарлагын мөн 8.6 хувийг эзэлж байна. 2013 оны мөн үетэй харьцуулахад зээлийн үйлчилгээний төлбөр 2019 оны 3 дугаар улиралд ойролцоогоор 4.5 дахин өссөн байна. Харин 2017 оны мөн үетэй харьцуулахад зээлийн үйлчилгээний төлбөр 2019 оны 3 дугаар улиралд 150.0 тэрбум төгрөгөөр буюу 19.3 хувиар буурсан байна.
Цаашид зээлийн үйлчилгээний төлбөрийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Түүнчлэн зээлийн үйлчилгээний төлбөр тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 68.9 тэрбум төгрөгөөр бага байгаа нь улсын төсөвт нөлөөлөх хүүгийн зардал буурах төлөвийг харуулж байна гэж УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн тайланд дурджээ.