Энэ эмэгтэйн амьдрал бүхэлдээ адал явдалт романтай төстэй өрнөсөн юм. Марита Лоренц залуу зандан насандаа Фидель Кастротой танилцжээ. Бүсгүй ч Кастрод сэтгэл алдарч, хожим нь Тагнуулын төв газрын даалгавраар түүний аминд хүрэх гэж оролдож байсан юм.
Үүний зэрэгцээ тэрбээр бас нэгэн дарангуйлагчтай танил байсан бөгөөд түүнээс хүүхэд олсон гэдэг. Марита Лоренц Жон Кеннедийн аллагатай холбоотой хэргээр Тусгай хороонд хүртэл мэдүүлэг өгч байлаа. Тиймээс ч түүнийг ХХ зууны эмэгтэй Жеймс Бонд гэж дэлхийн хэвлэлүүд хочилж байсан юм.
Фидель Кастро: Марита Лоренц нь 1939 оны наймдугаар сарын 18-нд Бременд жүжигчин, бүжигчин Алиса Лофланд, Германы худалдааны хөлөг онгоцны ахмад Хенрих Лоренц нарын гэр бүлд мэндэлжээ. Дайны дараа охины ээж Америкийн цэргийн офицерын туслахаар ажиллаж байгаад удалгүй мэргэжлийн тагнуулч болсон байна. Марита аавынхаа жолоодож яваа зорчигч тээврийн онгоцоор тэнд тэндгүй аялдаг охин байв.
1959 оны хоёрдугаар сард, охин 20 ч хүрээгүй байхад “MS Berlin” Хаванад ирж зогсон, Хенрих Лоренцын удирдлага доорх онгоцонд Фидель Кастро хэдэн хүмүүсийн хамт суужээ. Залуу Марита том биетэй, хүчирхэг куба залуусыг бүгдийг нь цоо ширтэж, удирдагчийг нь хараад л сэтгэл алдарчээ.
Фидель Кастро ч царайлаг залуу охиноос харцаа буруулж чадсангүй. Харин охин эцгийнхээ дэргэд түүнд талтай хандаж байгаагаа илэрхийлж чадаагүй байна. Гэхдээ Кастрог хөлгөөс буухаас өмнө Марита шүдэнзний хайрцагт Колумбын их сургуулийн оюутан, удахгүй хамт амьдрах ах Хоакимынхаа гэрийн утсыг бичиж амжжээ.
Хэд хоногийн дараа Марита руу Фидель залгаж, түүнийг Хавана руу эргээд авчрах онгоц явуулсан гэдгээ дуулгасан байна. Бүсгүй ч эргэлзсэнгүй. Удалгүй Хаванагийн онгоцны буудал дээр түүнийг жийп угтаж, Фидель Кастрогийн төв байр болж байсан “Хилтон” зочид буудал руу хүргэжээ. Марита ч үнэхээр их аз жаргалдаа умбаж, дурлалт хархүү нь сайхан бүсгүйчүүдийг эргүүлж явдаг нэгэн гэдгийг ч огт тоохгүй байлаа.
Хэсэг хугацааны дараа Марита жирэмсэн болсноо ойлгож, баярт үйл явдалд бэлтгэж байв. Гэвч жирэмсний найман сартай байхдаа бүсгүй хачирхалтай тохиолдлоор хүүхдээ алджээ. Өглөө нь аяга сүү уусан тэрбээр гэнэт л ухаан алдан унажээ. Нэг сэртэл эмчийн өрөөнд байх бөгөөд хүүхдээ огт харж чадаагүй байна. Өнөөдрийг хүртэл энэ үед болсон явдлыг тайлж чадаагүй юм.
Энэ явдалтай холбоотой хэд хэдэн хувилбар байдаг. Эхнийх нь Командлагчийн заавраар жирэмслэлтийг нь зориудаар тасалсан, хоёр дахь нь Марита зулбасан, эсвэл Андре нэртэй цоо эрүүл хүүхэд төрүүлсэн гэдэг. Гэхдээ эдгээр хувилбарын алиныг нь баталж, үгүйсгэж чадаагүй юм.
Энэ явдлын дараа Марита Лоренцыг Нью-Йорк руу яаралтай явуулжээ. Учир нь Кубад түүнд мэргэжлийн тусламж үзүүлэх эмч байсангүй. Байнга халуурч, чичирч, цусанд нь халдвар орсон түүнийг Рузвельтийн эмнэлэгт хэвтүүлж, эргэн тойронд нь байнга л хүмүүс сахиж байв. Маритаг ухаан орж ирмэгц л түүнийг сахиж байсан баахан танихгүй хүмүүс хэнтэй хамт байсан, хэнийг харсан, хэн, юу ярьсан гээд л асуултаар булж эхэлжээ.
Хүчтэй эм бэлдмэлд ухаан нь байн байн орж гарч байсан болохоор Тагнуулын төв газрын төлөөлөгчдийн хэлсэн үгс утгагүй, ойлгомжгүй мэт санагдаж байв. Тагнуулчид түүнд Фидель хүүхдийг нь хөнөөсөн, сүрдүүлсэн, тэр бол Америк болон дэлхий даяар аюул заналхийлэл учруулсан хүн гэж итгүүлж чаджээ. Гэсэн ч тэр дотроо өөрийнх нь бүх зовлон зүдгүүрт Фидель буруутай гэсэн гол зүйлийг ойлгож, түүнийг хөнөөх ёстой юм байна гэдэгтээ итгэв.
Маритаг Фрэнк Фиорини Стержис Кастрог хөнөөлгөхөөр тусгайлан бэлтгэж байсныг хожим нь тэрбээр хүлээсэн байдаг. Тэрбээр хаалттай лагерьт тусгай курст суралцаж, буудаж, тэсрэх төхөөрөмжтэй ажиллаж, энгийн зүйлийг аллагад хэрэглэж сурчээ. Ингээд тэр Командлагчийн хоол, унданд холих хор бүхий хоёр капсул аваад 1960 онд Кубад ирсэн байна.
Кубад ирмэгцээ тэр Фиделийг хорлож чадсангүй. Гэхдээ эрх чөлөөний аралд яагаад дахин ирснээ хүлээжээ. Тэр урьдын адил Кастрод хайртай хэвээр байлаа. Марита арлаас явж, 1981 онд Фидельтэй сүүлчийн удаа уулзахаар Кубад иржээ.
Маркос Перес Хименес: 1961 оны гуравдугаар сард Марита Лоренц Венесуэлийн дарангуйлагч асан Маркос Перес Хименестэй танилцжээ. Бүсгүйд олон улсын коммунизмын эсрэг бригадад элчээр ажиллаж байхдаа түүнтэй уулзаж, Хименесээс 200 мянган долларын татвар авах ёстой байлаа.
Дарангуйлагч асан зургаан долоо хоногийн турш Маритагийн араас гүйж, эцэст нь өөрийн болгож чаджээ. Энэ харилцааны үеэр Лоренц бүсгүй охин төрүүлсэн боловч удалгүй нөхрийг нь эх орон руу нь хөөж, тэнд нь үүнийг төр барьж байх хугацаандаа 200 сая доллар үрэн таран хийсэн хэргээр шүүх гэж байлаа. Эцэг хэвээр байх нэхэмжлэл нь Маритагийн дурлалт залуугийн АНУ-д байх хугацааг хойшлуулсан боловч бүсгүй ямар ч эргэлзээгүйгээр түүний араас Венесуэлийг зорьжээ. Үнэндээ түүнийг Венесуэльд халуун дотноор угтсангүй. Түүнийг хүүхэдтэй нь хамт гарын мухарт байдаг омогт аваачиж, тэнд тэр хэсэг хугацаанд охинтойгоо амьдарч байгаа АНУ-даа эргэн иржээ.
Жон Кеннедийн аллага: 1977 онд Марита Лоренц АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгчийг хөнөөсөн хэрэгт тусгай албаныхан хамааралтай тухай сенсааци тарих мэдэгдэл хийсэн юм. Марита “The New York Daily News”-ийн Пол Мексилд Жон Кеннедийн алуурчин Ли Освальдтай 1960-аад оны эхээр хаалттай лагерьт танилцсан, хожим нь Майами дахь нууц өрөөнд болон Орландо Боскийн гэрт болсон эмгэнэлт явдлаас өмнөхөн хоёр удаа ТТГ-ын тагнуул Фрэнк Стержис болон гурван кубын хамт байлцан уулзаж байсан гэжээ. Лоренцын хэлснээр эрчүүд зэвсэгтэй агуулахыг тонон дээрэмдэхээр төлөвлөж байсан гэнэ.
Хожим нь Марита Лоренц Төлөөлөгчдийн танхимын аллагын тусгай хороонд мэдүүлгээ давтан хэлсэн боловч найдваргүй эх сурвалж гэж үзжээ. Фрэнк Стержис ч Кеннедийг хөнөөх зорилготой хуйвалдаанд оролцсон гэдгээ эрс үгүйсгэж, Марита Лоренцыг коммунистуудад худалдагдсан, тэд ингэж хэлэх заавар өгсөн гэсэн байна. Хэлсэн нарийн зүйлс, Далласын аяны талаарх дэлгэрэнгүй өгсөн мэдээлэл нь ч хорооны гишүүдийг итгүүлж үнэмшүүлж чадсангүй.
Энгийн тагнуулчийн энгийн амьдрал: 1970 онд хоёр дарангуйлагчийн амраг байсан энэ бүсгүй Нью-Йоркт олон өрөө байр удирдан ажилладаг хүнтэй гэрлэж, нөхөртэйгөө хамтдаа Холбооны мөрдөн товчоонд ажиллах болжээ. Тэд Маритагийн нөхрийн байранд амьдарч байсан НҮБ дахь Зүүний блокийн орнуудын төлөөлөгчдийг тагнадаг байлаа.
Тэрбээр үе үе ярилцлага өгч, түүгээрээ муугүй орлого олж, хожим нь түүний амьдралаар кино хийж байв. Марита Лоренц “Марита Лоренц: Кастрод хайртай, түүнийг хөнөөж чадаагүй тагнуул” нэртэй дурсамж ном хүртэл гаргажээ.
Марита Лоренц нь 2019 оны наймдугаар сарын 31-нд 80 насандаа Германы Оберхаузенд бүхий л нууцаа, тэр дундаа АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгчийн аллагатай холбоотой таагүй үнэнээ аваад таалал төгссөн юм.
Фидель Кастрогийн хувьсгалт, улстөрийн амьдралын тухай олон бүтээлд бичсэн байдаг. Гэхдээ Кубын удирдагчийн хувийн амьдралын талаар дуугүй байх нь их. Тэгвэл түүнийг дор хаяж 35 мянган эмэгтэйтэй холбоотой байсан гэж ярьдаг байна.
Эх сурвалж: kulturologia.ru