Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн энэ сарын 07-08-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэлд Владикавказ хотноо боллоо.
Тэмцээнд 25 орны 235 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодмом, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзсэнээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн наадам болон 2016 оны Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд Дагестаны Рахман Минтуллаевыг 2:2-оор, 1/8 шигшээд 2017 оны залуучуудын Азийн аварга Узбекистаны Жахонгирмирза Туробовыг 10:0-ээр, энэ жилийн Оросын аварга Рамис Гамзатовыг 4:1-ээр, хагас шигшээд 2019 оны залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт эзэн орны Александр Сабановыг 2:1-ээр тус тус ялсан хэдий ч аваргын төлөөх барилдаанд 2018 оны залуучуудын дэлхийн аварга Дагестаны Ахмед Идрисовт 2:5-аар дийлдэж мөнгөн медаль хүртлээ.