Сүүлийн жилүүдэд төгрөгийн ханш эрчимтэйгээр унасан. Үүнээс үүдэж, иргэдийн нэлээд хувь нь төгрөгөө долларт шилжүүлэн хадгалах хүсэлтэй болсон билээ. Гэвч төгрөгийг долларт шилжүүлэн хадгалах нь хувь хүнд тийм ч ашигтай биш гэдгийг албаны хүмүүсийн ярианаас харж болохоор байна.
Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг эцэслэн баталсан. Чуулганы хуралдаанд хэлэлцүүлэг өрнөх явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр монгол төгрөгийн ханш унаж буйг дурдаад монгол төгрөгийн өгөөж бий эсэхийг лавласан юм. Түүний энэхүү асуултад Монголбанкны Ерөнхийлөгч болон Ажлын хэсгийн гишүүд
-Төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 13-15 хувь байгаа нь гадаад валютын хадгаламжаас өндөр байгаа бөгөөд энэ нь төгрөгийн өгөөж валютынхаас өндөр буйг харуулж буй үзүүлэлт юм хэмээн хариуллаа.
Мөн Ikon.mn сайт “төгрөгийн хадгаламж ашигтай юу, долларын хадгаламж ашигтай юу” гэх асуултад хариулт болгож дараах мэдээллийг өчигдөр уншигчиддаа хүргэсэн байна.
Аль нэг банкны төгрөгийн болон ам.долларын хүү, одоогийн болон жилийн өмнөх төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг ашиглан хялбар тооцоолол хийн зурагт үзүүллээ.
Уг тооцооллоос үзвэл 20 сая төгрөгийн хадгаламжийг 1 жилийн өмнө хийсэн бол уг хөрөнгө өнөөдөр 22.5 сая төгрөг болж өсөх байсан бол 20 сая төгрөгтэй тэнцүү буюу 7,578 ам.долларын хадгаламж өнөөдөр 7,896 мянган ам.доллар болж өсөх бөгөөд үүнийг өнөөгийн ханшаар хөрвүүлвэл 21.5 сая төгрөг болж байна. Үүнээс үзвэл ам.доллараар хадгаламж хийснээр 20 сая төгрөг тутамд жил 1 сая төгрөгөөр бага өгөөж олохоор байна. /ikon.mn/
Тэгэхээр иргэд та бүхэн валютын хадгаламж нээх үү, эсвэр төгрөгийн хадгаламж нээх үү гэдгээ шийдэж чадахгүй байгаа бол сайн судлаж, албаны хүмүүсийн үгийг нухацтай сонсох хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.
Н.БАТАА