Өсвөр насны хүүхдүүд автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад цагдаагийн алба хаагчдад баригдсан тухай бид мэдээллэсэн билээ. Тэгвэл энэхүү үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Тээврийн цагдаагийн газрын албаны хүнээс тодруулснаа хүргэе.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн зүүн талд 14:00 цагийн орчимд “Toyota Ist” маркийн машиныг Тээврийн цагдаагийн алба хаагч зогсоон шалгахад 11-15 насны таван эрэгтэй хүүхэд жолоодож явсан.
Тухайн зөрчлийг шалгахад эдгээр хүүхдүүд нь бусдын тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулдаг, эзэнгүй асаалттай байгаа автомашиныг удаа дараа хулгайлж байсан нь тогтоогдож байна.
Харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүүхдүүдийн хамт хүлээлгэн өглөө” гэсэн юм.
Хүүхдүүдийн биед үзлэг хийхэд оймсондоо өөр тээврийн хэрэгслийн түлхүүрүүдийг нуусан байжээ. Мөн РС тоглоомын газар болон гулгадаг газар руу явахдаа тээврийн хэрэгслийг унаж хөдөлгөөнд оролцож байгаад ийнхүү баригдсан байна.
Н.БАТАА