Нийслэлийн эрүүл мэндийн төвөөс хүүхдүүдийн хэрэглэж байгаа хоол хүнсэнд судалгаа хийсэн байна. Хүүхдүүдийн хамгийн их хэрэглэдэг дараах бүтээгдэхүүнүүдийг яагаад хүүхдэд өгч болохгүй талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.
Ундаа
Сурагчдын 66 хувь нь ундааг байнга хэрэглэж байна. Ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн 56.8 хувь нь хийжүүлсэн ундаа, 33.5 хувь нь үйлдвэрийн өтгөрүүлсэн жимсний ундаа, 9.7 хувь чихэрлэг цайг (ice tea) хэрэглэж байна. Эдгээр ундаа нь сургууль цэцэрлэгийн орчинд хориглосон чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд болно. Эдгээр ундааны оронд шинээр бэлтгэсэн жимс, ногооны цэвэр, чихрийн агууламжгүй шүүс, цэвэр усыг худалдаалахыг зөвлөж байна. Зарим цэцэрлэг, сургууль цэвэр усыг үнэ төлбөргүйгээр олгодог бөгөөд сургууль дээр анги бүр цэвэр ус цэвэршүүлэгч байрлуулах нь хамгийн боломжтой арга юм.
Пирожки
Энэ бүтээгдэхүүн нь хямд үнэтэй, илчлэг өндөртэй тул сурагчид ихээр хэрэглэх шалтгаан болж байна. Уг бүтээгдэхүүний тосны агууламж 21.5 гр, давс 1.2 гр байгаа нь эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнд ангилалд хамааруулж байгаа ба сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна. Пирожки шарахад удаан хэрэглэсэн ургамлын тос нь чанар нь муудаж транс тос болон хувирдаг байна. ДЭМБ-аас хүүхдийн хүнсэнд транс тосыг хэрэглэхийг хориглодог бөгөөд эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй тос юм.
Жигнэмэг, өрмөнцөр
Хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад орсон сахар, тослог (28.7 гр/100г) ихээр агуулсан өндөр илчлэгтэй (482.8 ккал/100г ) бүтээгдэхүүнүүд болох хрустик, монамур, контик, счастливый день, напелеон торт, кекс зэрэг бүтээгдэхүүнүүдийг сургуулийн орчинд ихээр худалдаалж байгаа ба эдгээр нь транс тос агуулдаг байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүн
Сургуулийн орчинд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа хэдий ч сурагчдын дунд уг бүтээгдэхүүний хэрэглээ бага буюу 20 сурагч тутмын дөнгөж нэг нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Сүүн бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн өсөлтөд чухал эрдэс бодисоор баялаг тул хэрэглээг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Зайрмаг нь чихрийн агууламж ихтэй, илчлэг өндөртэй (146.3ккал/100г) эрүүл бус хүнс тул сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна.
Н.БАТАА