Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгох журамтай. Энэ дагуу амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 суралцагчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо.
Тэтгэлэг олгох ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгох талаарх зарлигийг уншиж сонордуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа нар шалгарсан 30 суралцагчид тэтгэлэг гардуулж, сурлаг хөдөлмөрийн амжилт хүслээ.