Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан (ХАС)-тай хамтран 2017-2021 онд хэрэгжүүлж байгаа 6 дахь Орны хөтөлбөр (Country Programme)-ийн 2019 оны хэрэгжилтийн тайлангийн хурал энэ сарын 3-ны өдөр ГХЯ-нд боллоо. Тайлангийн хуралд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ХНХЯ, ЭМЯ, БСШУЯ болон бусад хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Хүүхдийн сан, ДЭМБ, ОУШХБ зэрэг олон улсын түнш байгууллагуудын төлөөлөгчид оролцож, хөтөлбөрийн үр дүн, ирэх жилийн төлөвлөгөө, цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцлоо.
Тайлангийн хурлыг нээж ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра болон НҮБ-ын ХАС-ийн тэргүүн К.Ишикава нар үг хэлж, НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй 6 дахь Орны хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсрол, жендерийн тэгш байдлыг хангах, залуучуудыг чадавхжуулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого” зэрэг баримт бичигт туссан зорилтуудыг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглэсэн байна.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ, жендерийн тэгш байдлыг хангах зорилтын хүрээнд нийгэм дэх сөрөг хэвшмэл ойлголтыг арилгах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг чадавхжуулах чиглэлээр түлхүү анхаарч ажиллах шаардлагатайг төлөөлөгчид онцолсон.
НҮБ-ын Хүн амын сангаас шинээр дэвшүүлсэн саналуудыг хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх, мөн шинэ санаачилгуудыг туршиж сайн туршлагыг бий болгох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв.
НҮБХАС-гийн 2017-2021 оны Орны хөтөлбөрийг 15.1 сая ам.долларын санхүүжилттэйгээр 2016 онд баталж, хөтөлбөрийн хүрээнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах, залуучуудын хөгжлийг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм.