М.Энхболдыг УИХ-ын дарга байх үед танхимынх нь таван гишүүн гудамжинд гарч, жагсаал хийн түүнийг огцруулсан. Энэ үед түүний биед халдсан, халдаагүй, хутгатай байсан, хутгагүй байсан гэх мэдээлэл одоо ч хүртэл өдөр тутмын шинэ мэдээллийн тоонд орж хөвөрсөөр байна.
Хуульч Б.Гүнбилэг “…Таван гишүүнтэй хамт Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй хэсэг хүмүүс орсон. Гэтэл тэр хүмүүс нь УИХ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд шууд хутга гаргаад, түүн рүү дайрсан. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй үйлдэл. Дарга руу хүн ухасхийхэд комиссарууд нь шууд бүчиж аваад, дараад уначихдаг юм билээ. Тэгээд дарагдаад өнгөрсөн. Тэр хүнийг аваад үлдчихвэл гадаах жагсаал шууд долоодугаар сарын 01-ний өдрийнх шиг үймээн гарахаар байсан тул гаргасан” хэмээн хэвлэлд ярьсан байна.
Түүний энэхүү мэдээллийн дараа Д.Даш eguur.mn сайтад дараах мэдээллийг өгсөн байгаа юм. Тэрбээр “Би тухайн үед Т.Аюурсайхан гишүүний хажууд суусан. Уулзалтын үеэр бидний тавьсан шаардлагаас тэс өөр зүйлийг М.Энхболд яриад байсан тул Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Ер нь үүнийг өргөөд гаргая” гээд босоход нь хамт дагаад бостол хамгаалагчид нь гүйгээд ирсэн.
Тухайн үед надад ямар ч мэс байгаагүй. Мэс гаргавал шууд буудаад унагах эрх комиссаруудад нь байгаа. Үнэхээр мэс гаргасан бол 20 жилийн ял үүрэх хуулийн зохицуулалттай. Би М.Энхболд руу хутга барьж дайраагүй. Хуульч Л.Гүнбилэгийг худал ярьсанд гайхаж байна” гэсэн хариулт өгчээ.
Дээрх мэдээллүүдийн араас УИХ-ын гишүүн М.Энхболд өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Надруу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн. Тухайн үед нь иргэд бухимдалтай байна, аргагүй бизээ амьдрал сайнгүй байна шүүдээ гэж би хэлж байсан” гэв.
Н.ЧИНЗОРИГ