КАПИТАЛ БАНКИНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН МӨНГӨН ХӨРӨНГӨ БАЙРШУУЛСАН ТУХАЙ:
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн. Тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө 2012 онд 31.4 тэрбум төгрөг, 2013 онд 126.5 тэрбум, үүнээс хадгаламж нь 105.0, 2014 онд 209.4 тэрбум, үүнээс хадгаламж нь 190.0, 2015 онд 238.0 тэрбум, үүнээс хадгаламж нь 185.0, 2016 онд 224.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 180.0, 2017 онд 228.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 20.0, 2018 онд 105.3, үүнээс хадгаламж нь 2.4 тэрбум төгрөг тус тус байсан.
НДЕГ нь 2016 оны наймдугаар сараас Капитал банкинд мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд 2017-2018 онд хугацаа дууссан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгалгүй мөнгөн хөрөнгийг хадгаламжаас харилцах дансанд шилжүүлсэн болно.
Тодруулбал, Капитал банкинд байсан 79.0 тэрбум төгрөгийн Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-нд дууссан тул гэрээг сунгалгүйгээр мөнгөө буцааж татах зорилгоор зарлагын гүйлгээ хийлгэх төлбөрийн хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч гүйлгээ хийгдээгүй.
Гэрээ сунгагдаагүй байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэр гаргах ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байнгын хорооноос чиглэл өгсөн болно.
Байнгын хорооноос өгсөн чиглэлд “…банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх”, “…хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах” гэж заасан байсан.
Энэ чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны зургадугаар сард хугацаа дуусч харилцах дансанд шилжүүлсэн 79.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хадгаламжийн дансанд шилжүүлэн 15.2 хувийн хүүтэй, есөн сарын хугацаатай байршуулах, ингэхдээ хүүг дөрөвдүгээр сарын 1-нээс тооцон нөхөж авах нөхцөлтэйгээр гэрээг сунгасан. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгийг тухайн банкны дотор данс хооронд шилжүүлсэн.
Дээрх 79.0 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд гэрээг сунгаагүй тул мөнгөн хөрөнгө харилцах дансанд шилжсэн. Энэ хугацаанд НДЕГ-аас Капитал банкинд удаа дараа төлбөрийн хүсэлт хүргүүлж зарлагын гүйлгээ хийхийг шаардсан боловч шаардлагыг хангахгүй байсаар 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр Капитал банк татан буугдсан болно.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд арилжааны бүхий л банктай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах эх үүсвэрийг тухайн банкаар үйлчлүүлдэг тэтгэвэр авагчдын тоо, тэтгэврийн зээлийн дүнгээс хамааруулан байршуулж ирсэн.
Энэ хүрээнд 2018 оны нэгдүгээр сард ХААН болон Төрийн банктай, гуравдугаар сард тэтгэвэр олгодог бусад банктай “Хамтран ажиллах гэрээ”, “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулан 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгон бууруулсан.
Тухайн үед Капитал банкаар 38038 иргэн тэтгэврээ авч, 11 815 тэтгэвэр авагч 26.5 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан бол Худалдаа хөгжлийн банкаар 551 хүн тэтгэврээ авч, 114 тэтгэвэр авагч 0.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Чингис хаан банкаар 251 иргэн тэтгэвэр авч, 194 тэтгэвэр авагч 0.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Голомт банкаар 1559 иргэн тэтгэвэр авч, 320 тэтгэвэр авагч 1.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Улаанбаатар хотын банкаар 3290 хүн тэтгэвэр авч, 1899 тэтгэвэр авагч 4.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Капитрон банкаар 2321 иргэн тэтгэвэр авч, 1170 тэтгэвэр авагч 3.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар 107 иргэн тэтгэвэр авч, 80 тэтгэвэр авагчийн зээлийн үлдэгдэл 0.3 тэрбум төгрөг тус тус байсан.
Дээрх зээлийн судалгаа, тэтгэвэр авагчийн тооноос хамааруулан Капитал банкинд тэтгэврийн зээлийн хүү бууруулах эх үүсвэрт зориулан 2.4 тэрбум төгрөгийг хугацаа дуусч харилцах дансанд шилжсэн мөнгөн хөрөнгөөс шилжүүлэн гэрээг байгуулсан болно.
Өөрөөр хэлбэл, тухайн банкаар үйлчлүүлэгч тэтгэвэр авагчдын тоо, мөн тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэдийн тооноос хамаарч зээлийн хүү бууруулах эх үүсвэрийг ялгаатай тогтоож байршуулсан.
Түүнээс биш хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бичиж байгаа шиг Капитал банкинд зориудаар мөнгөн хөрөнгө нэмж байршуулсан, давуу байдал олгож бусад банкнаас илүү их хөрөнгө байршуулсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
1 comment
Ямар нэгэн санаагүй юм бол мөнгөө авчих тэгвэл үнэмшилтэй болно байх