Монголд компани байгуулан залилан хийсэн Нигери Улсын иргэнд холбогдох шүүх хурал 11 сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, орой 20:00 цагийн үед завсарласан байгаа. Өнөөдөр энэ шүүх хурал үргэлжилнэ.
Холбооны бүгд найрамдах Нигери улсын иргэн Эжикем Чимези Жон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нар бүлэглэн 2018 оны сүүлийн хагас жилд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилсан байдаг.
Тэд “Лонати СПА”, “Делүксе мулти сервисес СРЛ” зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин чорап” /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компаниас Итали улсын “Лонати СПА” компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог өөрсдийн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь еврогийн харилцах дансаар хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.