“Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн, бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсэж байна” хэмээн МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд хэлсэн юм. 44 хоногийн дараа Монгол Улсын төрийн тэргүүн тодорно. Хуулийн дагуу эл сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд өчигдөр материалаа хүлээлгэж өгсөн юм.
Өглөө эртлэн СЕХ-ны байранд ирсэн нэр дэвшигч М.Энхболд “Төрт ёс Монгол төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс МАН-аас нэр дэвшсэн миний бие өөрийн биеэр хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн дүүрэн хуулийн дагуу бүрдүүлж Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өглөө. МАН ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээн дээр тогтож ирсэн олон арван жилийн уламжлалтай улс төрийн хүчин.
Тэр ч утгаараа өнөөдөр СЕХ-нд нэр дэвшигчийн баримт бичгээ бүрдүүлж, хүлээлгэж өгөх арга хэмжээнд Б.Даш-Ёндон дарга, УИХ-ын туршлагатай парламентч Д.Лүндээжанцан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, мөн манай намын дэргэдэх төрийн бус байгууллагын удирдлага Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн, намын аппаратын хамт олон СЕХ-нд хүрэлцэн ирлээ” хэмээсэн.
Түүний дараа МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр СЕХ-нд материалаа хүлээлгэж өгсөн юм. Тэрбээр сонгууль шударга явагдаасай гэдгийг тодотгож, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан, З.Баянсэлэнгэ, Н.Удвал нартай ирснээ танилцуулсан. Эцэст нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгууль шударга явагдах ерөөлийг тавьсан. Тэрбээр “Өнөөдөр хуулийн хугацаанд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй миний бие бусад журмын нөхдийн хамт бичиг баримтаа бүрдүүлэн өгч, бүртгүүллээ. Бүртгэсэн одоо, сонгууль амжилттай явагдах байх гэж бодож байна” гэв.
СЕХ нэр дэвшигчдийн материалыг нягталж шалгаад энэ сарын 14-ний дотор нэр дэвшүүлэх эсэх шийдвэр гаргаж, 17 гэхэд нийтэд зарлах хуулийн заалттай. Товчхондоо, ирэх долоо хоногт Н.Энхбаяр, Х.Баттулга нарын нэрийг баталгаажуулах эсэх нь эцэслэгдэнэ. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын тухайд хувь эзэмшдэг компаниуд нь зээлтэй, өр төлбөртэй гэхчилэн Сонгуулийн тухай хуульд заасан шалгуурыг давж чадалгүй түдгэлзүүлж мэдэх мэдээлэл бий.
Мөн хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нь ч гай болж болох талтай гэх. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд ялтайд тооцох хугацаа нь эцэслэгдсэн эсэх асуудал бий. Хэрэв ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэж хуулийн байгууллага СЕХ-нд мэдэгдвэл тэр нэр дэвших эрхгүй болно. Гэхдээ МАХН өөр хувилбар гаргахгүй гэдгээ удаа дараа мэдэгдэт буй. Гагцхүү тэмцлийн хэлбэрээ өөрчлөх тухай намын удирдлагууд нь хэлдэг. Өчигдөр энэ тухай албажуулан мэдэгдсэн.
МАХН дараагийн хувилбарыг гаргаж ирэхгүй гэдгээ үг хэлэх бүртээ тодотгож байгаа нь шалтгаантай гэж үзэгсэд олон.Тухайлбал, Н.Энхбаяр хоёр туулай хөөх хувилбар байж болох гэнэ. Улс төрийн тогоонд олон жил чанагдаж, авч чадаагүй албан тушаал гэж үзээгүй тэрбээр хоосон улс төр хийх тэнэг хүн биш. Улмаар ашиггүй наймаа хийж, аргацааж суух завтай нэгэн ч биш. Тусгаар тогтнолын үүдэнд суулт зарлаж, өөрийн нэрийг дэвшүүлсэн нь Х.Баттулгад тэр дундаа АН-д тал засах гэснийх.
Өөрөөр хэлбэл, Х.Баттулгад “Би нэр дэвшвэл МАН-аас нэр дэвшигчийн саналыг хангалттай хуваана. Тиймээс би чамайг дэмжиж оролцоно” гэх хувилбар. Мэдээж үүнийхээ хариуд авах зүйл нь экст ашигтай байх учиртай. Харин М.Энхболдтой тэрбээр эцсээ хүртэл нэр дэвши илэрхийлж тэмцэнэ, намаас өөр хувилбар гаргаж ирэхгүй гэх байдлаар тохиролцсон байх магадлал.Эцэст нь СЕХ Н.Энхбаярын нэрийг бүртгэхээс татгалзсанаар хоёр нэр дэвшигчийн дунд өрсөлдөөн өрнөнө. Н.Энхбаяр АН-ын нэр дэвшигчийг дэмжиж байгаа дүр эсгэж ганц, хоёр тойрог дээр уулзалт хийвч үнэн чанартаа угшлаа дагаж, улаан малгайгаа сонгоно. Хоёр төрд нүүртэй хүн гэдэг шиг АН, МАН-аас аль нь ч сонгогдсон эцэст нь Н.Энхбаярт ашигтай байна. Ийм хувилбар байж мэдэх талаар улс төрийн хүрээнийхэн цайны хачир хийх болсон.
Түүнчлэн АН-аас нэр дэвшигч шууд нэрээ татаж бууж өгөхгүй ч ялалт байгуулахгүй гэдгээ мэдэж байгаа гэх дараагийн хувилбар. Улмаар өр, зээл, Тавантолгой, төмөр зам гээд олон асуудлууд нь ар араасаа цуварч, дахин хөндөгдөж ялагдал хүлээж мэдэх гэнэ. Мэдээж энэ бүхний эцэст өрсөлдөгчийнхөө өмнө толгой гудайлгасан тэрбээр хуулийн байгууллагынхнаас асуудалгүй салах тохироог хийсэн байхыг үгүйсгэхгүй гэх явган яриа бий. Юутай ч энэ бүхэн таамаг төдий.
Угтаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтий хэн нэгэн хүний хариуцлагаас мултрах гэж очдог суудал биш. Хийсэн хэргээ нуун дарагдуулах гэж, халхавчлан орогнодог газар ч биш юм. Мэдээж улс төрд манлайлагч байх амаргүй. Бусдыг хагаралдуулж дундаасньхонжоо хайдаг хүнийг манлайлагч гэхгүй.Энэ ойлголт улс төрийн хүрээнийхэнд хамгийн их хамааралтай. Нүдэн дээрх ил жишээ болсон АН-д өдгөө манлайлагч байна уу гэх асуулт.
Өнөөгийн намын дарга, нэр дэвшигчээ дотоод сонгуулиар тодруулсан боловч намынхан нь хүлээн зөвшөөрдөг бил үү. Хэдийгээр бүх зүйл МАН-ынх шиг 100 хувийн гар өргөлттэй байх албагүй ч талаас илүү хувийн гүйцэтгэлтэй байх учиртай. Гэтэл Х.Баттулгыг АН доторхи фракциуд дэмжихгүйгээ ил, далд зарлаад эхэлсэн. Уг нь эв нэгдлийг хангаж, эрхэм үйлсийг чухалчилж чаддаг хүнбол манлайлагч. Энэ утгаараа манлайлагч хүн хариуцлагатай байвал Монгол Улс хөгжинө. Ийм манлайлагчий гард түмэн хүсч байгаа.
Эх сурвалж: