БНХАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Жэн Зэгуан АНУ-аас Хятад улсад суугаа элчин сайд Терри Брэнстедийг дуудсан талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдснийг РИА Новости дамжуулсан байна.
Америкийн Элчин сайдыг АНУ-ын сенат болон Төлөөлөгчдийн танхим Хонконг дахь хүний эрхийг хамгаалах болон ардчилалын тухай хуулийн төслийг батлагдсантай холбогдуулан эсэргүүцэл илэрхийлж, мэдэгдэл хийхээр дуудсан гэж мэдээнд өгүүлжээ.
Энэ хуулийн төслийг өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Төлөөлөгчдийн танхим баталсан бөгөөд сенат ч уг хуулийн төслийг дэмжсэн юм. Хуулийн төслийг хоёр танхим нэг хувилбараар хэлэлцэн батлах асуудал одоо үлдээд байгаа. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурах аж.
Харин БНХАУ Хонконгийн хэрэг бол зөвхөн Хятадын дотоод асуудал. Үүнд гадны нэг ч улс хөндлөнгөөс оролцох ёсгүй. АНУ энэ хуулийн төслийг баталсан нь бодит байдлыг үл тоомсорлож, Хятадын эсрэг эмх замбараагүй байдал үүсгэх хүчирхийллийн гэмт хэргийг өөгшүүлж байна.
Олон улсын харилцааны эрх, үндсэн зарчмыг ноцтой зөрчиж, БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс нээлттэй оролцсон АНУ-ын талд Хятад улс эрс эсэргүүцлээ илэрхийлнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамны цахим хуудаст мэдээлжээ.
РИА Новости