Зах зээлд илүүдэлтэй мэргэжил гэсэн тодорхойлолт сүүлийн үед түгээмэл дуулдах болсон. Гэхдээ үүний нөгөө талд зах зээл өөрөө чадварлаг мэргэжилтэй ажилчдыг шаардаж буй. Ганцхан дотоодын ч биш, дэлхийн зах зээл өнөөдөр ур чадвартай ажилтны эрэлд гарч, хөгжилтэй орнууд тэдэнд үүд хаалгаа нээн, оршин суух зөвшөөрлийн шинэ категорийг хүртэл бий болгоод эхэлжээ.
Монголын тухайд мэргэжилтэй ажилчдыг бэлтгэдэг цөөн хэдэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд бий. Гэхдээ МСҮТ-д элсэгчдийн тоо их дээд сургуульд элсэгчдийн тооноос хамаагүй бага. Ямар ч хамаагүй их дээд сургуулийг төгсөөд ажилгүйчүүдийн эгнээг тэлэх үү, МСҮТ-ийг дүүргээд гадаад, дотоодын зах зээлд боломжийн цалинтай ажиллах уу гэсэн сонголт орчин цагийн залууст ирээд байгаа юм.
Энэ удаа МСҮТ-ийг төгсөөд мэргэжлээрээ ажиллаж яваа шинэ үеийн хоёр дарханы яриаг хүргэе. Тэд бол Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийг төгсөгчид. Уран дарханы чимхлүүр нарийн уламжлалд суралцаж, монгол үндэсний өв соёлыг орчин үетэй хослуулсан урлаж, өөрийн гэсэн захиалагчтай, ажлын байртай, орлоготой болсон 25 настнууд, шинэ үеийн төлөөлөл юм. Бас тэд нэг ангийнхан, дотны найзууд, уран бүтээлийн хамтрагчид. Нэр нь хоёул Оргил бөгөөд дотны хүмүүс нь А.Оргил, Т.Оргил хэмээн ялгадаг.
-Дарханы мэргэжил ур ухаан, тэсвэр тэвчээр шаардагддаг хүнд хөдөлмөр. Арван хэдхэн настай оюутан болсон хүүхдүүд тэр тэвчээрт суралцахад амар биш байсан байх. Тэвчээртэй суух, дарханы ур хийж сурахад хүнд байсан уу?
Т.Оргил: Би их хурдан хөдөлгөөнтэй, тэвчээргүй хүүхэд байсан. Гэхдээ юм хийхдээ төвлөрөөд сууж чаддаг. Номын гарчиг хараад залхуураад хаячихдаг байсан бол дарханы чиглэлээр суралцаж эхлээд сонирхсон юмаа дуустал уншиж, өөрийгөө төлөвшүүлж, төвлөрч сууж сурсан. Гэхдээ дархан хүнээс гарч болох тэвчээрт бүрэн суралцсан гэж хэлж чадахгүй.
Энэ мэргэжлийг сонгосон хүн тэсвэр тэвчээрийг хатуу ойлгох ёстой болдог. Олон цагаар сууж, оюун санааны хөдөлмөр зарсан ажил хийдэг учраас тэвчээр гэж юу вэ гэдгийг өөрийн бие дээр л мэдэрдэг дээ. Аяга байна уу, бөгж байна уу хамаагүй, хийж байгаа бүтээлийн нарийн деталь бүрийг яаж хийх вэ гэдэг дээр толгой зогсоо зайгүй ажилладаг. Тийм учраас энэ мэргэжлээс шантарсан хүмүүс их байж магадгүй.
Шантрахгүй, тэвчээр зааж, чадвараа хөгжүүлбэл дархан болохын шинж гэж үздэг юм билээ. Гэхдээ хоёр, гурван сар, нэг жил суралцаад дархан болчихлоо гэж ойлгож болохгүй. Дархан болно гэсэн зорилготой хүн бүх насаараа суралцах ёстой юм билээ. Өөрийн гэсэн өвөрмөц хийцийг гаргана гэдэг бол дархан хүний зорилго байх. Жишээ нь, манайд бол Дарьганга, Далайчойнхорын хийц гэх мэт давтагдашгүй хийцүүд байдаг. Энэ жишгээр өөр өөрсдийн хийцийг гаргаж, түүхэнд үлдэх нь дархачуудын гол зорилго байх гэж би боддог.
А.Оргил: Дунд сургуулиа төгсөөд ахлах ангид орно гэсэн бодол надад анхнаасаа байгаагүй. Би гайгүй зурдаг байсан учраас МСҮТ-ийн зургийн ангид орно гэж бодож байсан. Сургуулийн хуваарь авах үед зургийн анги дууссан байхад манай аав, багш, найз гурав уран дарханы анги санал болгосон.
Намар нь хичээл эхлээд үнэндээ бага зэрэг шантарсан. Би ер нь чадахгүй юм байна гэж бодож эхэлсэн. Манай ангийн багшийг Б.Жамаа гэдэг. Багш маань дархан хүн бурхан ухаантай. Чиний өмнө хоёр л сонголт бий. Дархан хүнд нүдний ур, гарын ур, ухааны ур гэж гурван ур бүрдэх ёстой. Энэ гурав бүрдэж байж жинхэнэ дархан хүн болдог. Энийг олохын тулд тэвчээрт суралцана даа. Хэрвээ энэ мэргэжлээс халширч байвал эртхэн өөр сонгогт хий. Чамд ийм л хоёр зам байна гэсэн. Тэгээд багшийнхаа үгэнд орсон.
А.Оргил, Т.Оргилын бүтээлүүд
-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна гэдэг бол мэргэжилдээ дурласных байх. Дарханы ажил, алх дөшинд дурлах тэр мэдрэмжийг хаанаас юунаас авсан бэ?
А.Оргил: Дарх хийж, мөнгө хайлуулахад гагнуурын гал гүйдэг. Тэр гал деталуудыг холбож байхыг хараад мэргэжлийнхээ гайхамшгийг мэдэрсэн. Бас чулуу өнгөлж байгаад үнэхээр гоё гялтагнахыг үзээд мэргэжилдээ дурлаж байсан.
Т.Оргил: Металь хайлуулахад харлаад алт ч юм уу, мөнгө ч юм уу мэдэгдэхээргүй болдог. Дараа нь тэрийг өнгөлөхөд анх хайлуулах үеэсээ илүү гоё гялтагнаж, хүний нүд татахаар болоод ирдэг. Тэрийг анх хараад мэргэжилдээ дурлаж байсан.
-Та хоёр оюутан байхдаа “Хос урлал” нэртэй пэйж нээж, хүмүүсээс захиалга авч ажилладаг орлоготой оюутнууд байсан гэсэн. Ингэж ажиллах санаа анх яаж төрсөн юм бэ?
Т.Оргил: 2014, 2015 онд юм байна. Оюутан хүн байнга л санхүүгийн асуудалтай явдаг шүү дээ. Манай А.Оргилын аав нь нум сум, хутга гэх мэт эдлэл хийдэг уран хүн байдаг юм. Тэгээд хоёулаа ярилцаад пэйж хуудас нээгээд, дарханы багажаа авч А.Оргилын аавынх нь урлан дээр очиж ажлаа эхэлж байсан. Энэ хуудсаараа их олон захиалга авсан. Хүмүүсийн захиалга авч, зөндөө алдаж үзсэн. Цөөнгүй юм хийсэн, хийгээд байхаар дадлагжаад үнэхээр сурдаг юм билээ.
А.Оргил: Хоёрдугаар курс төгсөхөөсөө өмнө, зуны амралтаараа нээсэн. Аав маань гарын дүйтэй хүн. Бодибилдингийн клуб ажиллуулдаг ч сүүлийн жилд хутга үйлдвэрлэнэ гээд, үйлдвэрлэгч машин бүтээхээр ажиллаж байгаа. Бид хоёрыг ажиллаж эхлэхэд аав их дуртай хүлээж авсан.
-Анхны хамтын бүтээл юу байсан бэ, тэр олон захиалга дундаас онцлох бүтээл байгаа байх гэж бодож байна?
Т.Оргил: Нэг өдөр “Хос урлал” пэйжээр нэг ах холбогдоод сонин захиалга өгсөн. Бид хоёрыг Алтан гэрэгэ хийж өгөөч, үүнийг зөвхөн Солонгост хийдэг юм байна гэсэн. Монгол гэрэгэний дор Мөнх тэнгэрийн зарлиг гэж бичигдсэн байдаг. Харин тэр хүн үүний оронд нэрээ бичүүлнэ гэсэн. Бид хоёр гэрэгэг яг хүссэнээр хийж, нэрийг нь алтан дээр сийлж, шүрэн шигтгээ шигтгэж өгсөн.
Тэр бол бид хоёрын хамгийн анх хийсэн гэрэгэ. Монголд анх удаа хийсэн гэж хэлж болох байх. Бид хоёроор анх хийлгэсэн энэ ахаар дамжин ийм захиалга маш их орж ирсэн. Энэ бол хамгийн гоё туршилт өгсөн бүтээл байсан юм. Хамгийн анх алтаар хийсэн бол дараа нь монет, мөнгөөр ч хийсэн, сүүлдээ гаршсан. Алт их нарийн сорьцтой, эвдээд байвал дутаад л байна. Хүний алтыг дутааж болохгүй, өөрсдөө өрөнд орно. Энэ бол тоглоом биш байсан.
А.Оргил: Тэр үед хийсэн, бид хоёрыг сорьсон, нарийн ажиллагаатай өөр нэг бүтээл бол хос загастай, найман нуруут гинж. Мөнгийг нарийн утас шиг цувж татаад, цагираг болгон найман нуруу ороож хийсэн гинж. Гинжнийхээ голд эр эм загас оруулж, загасныхаа голд бөөрөнхий үүсгээд дунд нь өлзий хээ тавьсан. Тэр шийдлийг манай Т.Оргил гаргасан юм. Тэгээд их зоригтой, шийдэмгий хийсэн.
Т.Оргил: Эхлээд захиалагчдаа загвар гаргаж үзүүлсэн л дээ. Иймэрхүү шийдлээр хийвэл ямар вэ гэж асуухад гоё шийдэл байна гэсэн. Арга билэг, өлзий хээ хоёрыг хослуулбал их гоё гарах нь дээ гэж бодсон юм л даа. Гол хийцийн хувьд загасаа шууд металь дээрээ давтаж сийлсэн.
Модон дээр сийлдэг шүү дээ, ийм зарчмаар мөнгөн дээр засагны хайрсыг нэг бүрчлэн цохиж гаргаад, өлзий хээгээ хөрөөдөж, дээгүүр доогуур нь оруулсан. Дарханы ур гэдэг бол хийвэл ундарч байдаг зүйл. Манай А.Оргил гинжийг нь сүлжсэн. Мянгаас ч илүү жижиг мөнгөн цагираг үүсгээд цагирагаа сүлжиж, ороох нь их нарийн ажил. Бид хоёрын хийсэн гинж эзэндээ одоо ч байдаг байх.
А.Оргил: Солонгост ажиллаж байгаад ирсэн нэг эгч бид хоёрт бас нэг өвөрмөц захиалга өгч байсан. Тэр эгч Холливудын од Ким Кардашьяны оны арга хэмжээнд зүүж гарч ирсэн гинжийг дууриалгаж хийж өгөөч гэсэн. Хийгээд өгөхөд яг хүсч байснаа авлаа гээд баярлаж байсан. Бид хоёрт туршлагагүйгээсээ болоод алт, мөнгөний өрөнд орох алдах үе багагүй байсан. Алт, мөнгө ч гэхгүй гар ажиллагаа их шаарддаг, хатуу металь гэдэг утгаар монет бас чадвар шаарддаг. Монетны 58 хувь нь алт, бусад нь металл. Металл их байх тусмаа хатуурдаг учраас алдагдалд оруулчих гээд эвгүй байдаг юм.
Зүүн гар талаас: А.Оргил, Т.Оргил
-Онлайн, пэйж хуудасны зарын дагуу алт мөнгөний дархан сураглаад ирсэн үйлчлүүлэгчид Та хоёрыг хараад гайхдаг байсан болов уу. Өсвөр насны хоёр жаахан хүү дарханы алх дөш бариад сууж байна гэж хэн ч төсөөлөхгүй шүү дээ?
А.Оргил: Ийм гайхшрал зөндөө байсан. Насны ялгаа, насны дарамт гэдэг ч юм уу, ийм эргэлзээг их олон хүнээс мэдэрч байсан юм байна./инээв/ Тэр үед 17-18-хан настай байсан, хүмүүст итгэл үнэмшил төрдөггүй байсан байх. Одоо харин тэр үе өнгөрчихсөн.
Бид хоёр анх сургуулийн бүртгэл дээр таарч, царай царайгаа хараад өнгөрсөн. Намар нь хичээл эхлээд нэг ангид орж, ижил нэртэй гэдгээ мэдээд их гайхаж байсан юм. Түүн шиг хоёулаа ижил нэртэй гэхээр хүмүүс бүүр их гайхдаг байсан. Хүмүүсийн дунд Бат-Оргил, Оргилболд ч юм уу ийм нэр их байдаг шүү дээ. Бид хоёрын нэрний урд хойно ямар ч үг байхгүй, ижил нэртэй учраас бүүр гайхаал гэхдээ их эерэгээр хүлээж авдаг юм.
Т.Оргил: Хүмүүс зорьж ирчихээд бид хоёрыг хараад гайхахдаа “Ах чинь хаана байна” гэдэг байсан. “Түрүүн утсаар ярьсан ах чинь хаачив” гэж асуугаад “Уучлаарай, би байна, би тантай ярьсан” гэхээр итгэхгүй байх жишээтэй. Бид хоёрыг тоохгүй, тэгээд утсаараа оролдоод, хүнтэй ярьж байгаа юм шиг болоод бушуухан гараад явчихсан хүн ч таарсан. Зарим нь харин сонирхоод, юу хийж чаддаг юм харна гэж боддог байх. Ийм юм хийлгэнэ гэж байгаад захиалга өгдөг байсан. Хүссэн зүйлээ аваад гайхаж, алмайрч байсан тохиолдол ч бий. Түүнийхээ дараа дахин ирж өөр зүйл хийлгэх жишээтэй. Ийм зүйл олон тохиолдож байсан шүү.
-Монгол бол уран дархачуудын орон. Зуу зуун жил уламжлагдаж ирсэн үндэсний дархачуудын хийц загвар, хэлбэр донж, эндээс л сурах юмсан гэсэн хүсэл дархан болгонд бий байх. Тийм тэмүүлэлээс хуваалцах уу?
А.Оргил: Ган төмрөөр Арван хангал бурханыг бүтээж, Богд хаанд барьсан Ерэнтэй дархан хамгийн сонирхолтой, судалж үзмээр хүн санагддаг. Түүхээс нь сонирхож үзсэн. Хөвсгөл аймгийн Галт сумаас гаралтай энэ агуу дархан шавиа нарийн бэлтгэдэг байсан. Ямандаг бурханыг бүтээгээд тэргүүнд байх титэм, таван гавлын яс нь хүний таван муу хорыг илэрхийлдэг. Есөн нүүртэй, 16 хөлтэй Ямандаг бурханд яагаад 32 гар бүтээсэн бэ гэвэл 16 тамаас 16 нүгэлтэй гарч ирээд амь авар гэдэг тул ийм тооны гар бүтээж, багаж зэвсэг өгсөн гэх мэт арга, билэгдлийг давхар тайлбарлаж явсан тухай домогт нь гардаг. Энэ нь их сонирхолтой санагддаг.
Т.Оргил: Багшаасаа шүдэнзний модны толгойн чинээ бурхан бүтээсэн дарханы тухай, энэ бүтээлийн ур ухааны талаар сонсож байсан юм байна. Энэ бүтээл миний хувьд анхаарал татдаг. Тухайн үед өсгөдөг шил байгаагүй. Тийм жижиг бурханыг яаж сийлсэн бэ гэхээр энэ дархан Монгол гэрийг битүүлж, гэрэл оруулахгүй болгож байгаад, тоонон дээрээ тэвэнгийн хэмжээтэй нүх гарган түүгээр туссан гэрлийн тусгалд сууж сийлсэн байдаг нь хамгийн гайхмаар санагддаг.
А.Оргил: Шүдэнзний толгойн чинээ сийлбэр бол хүний нүд гүйцэхээргүй нарийн ажиллагаа шаардана. Тогтож сууж чаддаггүй хүн бол ийм бүтээлийн гайхамшгийг олж харахгүй. Бүтээл нь одоо музейд байдаг гэж багшаасаа сонсож байсан. Миний бас хамгийн их сэдэл авдаг уран бүтээлчид бол Япончууд. Энэ ард түмэн их нарийн дэг жаягтай, юмыг маш их сэтгэл гаргаж хийдэг. Тэдний хийдэг катана буюу илд сэлэм сонирхолтой. Тэр дундаа гар хамгааллын илд хийдэг Америкийн иргэн Форд Халлам гэдэг хүн. Мөн япон эхнэртэй, маш хөдөлмөрч Блэйксмит гэж Канад хүн бий. Тэр хоёр катанаг яг уламлжлалынх нь дагуу, гэхдээ орчин үеийн загвараар, ямар ч цахилгаан багаж оруулахгүй хийдэг нь гайхалтай санагддаг.
Т.Оргил: Youtube бол миний бас нэг багш. Эндээс ихэвчлэн Испанийн иргэн Пабло Чимадевилагийн бичлэгийг үздэг. Хүүхэд байхдаа машинд дайруулж, хөлгүй болсон гэдэг энэ дарханы бүтээл нь мундаг. Олон нийтийн аль ч сүлжээнд олон дагагчтай, энэ хүнээс жишээ авдаг. Энэ хүн хийж байгаа бүтээлээ дарааллынх нь дагуу заагаад явдаг юм. Ер нь тэгээд шинэ санаа төрвөл шууд цаасан дээр буулгаад авдаг. Тухайн үед төрсөн санааг тэмдэглэж авахгүй бол дараа нь мартчихаад байдаг юм.
-Залуу хүн бол мөрөөдлөөр жигүүрлэж байдаг. Холын зорилго, сэтгэлд асаж байдаг мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
А.Оргил: Бид хоёр ирээдүйд өөрсдийн брэндтэй болохыг хүсдэг. Одоохондоо тус тусдаа ажиллаж байгаа ч ирээдүйд нийлж брэнд үйлдвэрлэнэ гэж ярилцдаг. Бид хоёрыг мэргэжлээрээ өвчилсөн гэж хэлж болно. Хүүхэд байхаасаа шөнө орой гэхгүй хамт сууж, хонон өнжин яриад гар, сэтгэл нийлж ажилласан учраас бие биенээсээ хол ажиллах талаар бодоход сонин санагддаг.
Нэрэндээ байдаг юм уу, мэдэхгүй бид хоёр сайн хамтрагчид. Бид хоёрын хувьд аль алиныхаа аав ээжид онцгүй сэтгэгдэл төрүүлэх гэх мэт асуудлууд гарч байсан ч тэр үеийг давж гараад, хамтдаа байж чадсан. Нэг нэгнээ хөглөж, хамт ажиллахдаа бид хоёрын гараас гоё бүтээл гардаг гэдгээ мэддэг.
Т.Оргил: Манай А.Оргил их гоё өнгө тавьдаг. Зурж байгаа зүйлийнхээ олон тооны өнгийг маш гоё гаргадаг. Багш маань А.Оргилыг өнгөнд сайн, цаашаа явна гэдэг байсан. Миний хувьд барималдаа гайгүй байсан. Орон зайт тэр баримлыг хэмжээнд нь юм уу, дуурайлгаж хийхдээ гайгүй. Энэ тал дээр багш надад урам өгдөг байсан. Ер нь манай ангийнхан их жигдхэн, сайн хүүхдүүд байсан шүү.
Ирээдүйд бол Cartier, Buccellati, Piaget шиг үнэт эдлэлийн брэнд гаргах юмсан гэж боддог. Мэдээж энэ хэмжээнд хүрэхийн тулд сайн бэлтгэл хэрэгтэй. Сурах хэрэгтэй. Миний хувьд Италийн үнэт эдлэл, уран баримлын сургуульд сурна гэж бодож байгаа. Флоренцийн урлагийн мастеруудын энэ сургууль өндөр шалгууртай, оюутны тоо ч хязгаартай юм билээ.
А.Оргил: Миний хувьд алт мөнгөний сонгодог дархадыг бэлтгэдэг Германы Viennese Goldsmith Academy-ийг сонирхож байгаа. Судалж үзсэн, бас л өндөр шалгууртай. Элсэхийн тулд өөрийн бүтээлээ өгч явуулдаг юм билээ. Гадагшаа явж сурахын тулд бидэнд лав 7-8 жилийн хугацаа шаардах байх. Ажиллаж мөнгө хураах, дадлага суух, хэл сурах гээд хувийн бэлтгэл хэрэгтэй. Бас Хонконг, Сингапурын үнэт эдлэлийн дархан сургадаг сургуулиуд ч дажгүй санагдсан.
Т.Оргил: Мастер дарханы чиглэлээр сурч, үнэт эдлэлийн дизайнер гэдэг эрхийг авсан, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс дэлхийд олон байдаг байх. Монгол хүн энэ чиглэлээр суралцаад, монгол ур хийцээ дэлхийн хэмжээнд таниулбал гоё. Өөрсдийн шийдлээ дэлхийд гаргах юмсан гэдэг бол бид хоёрын мөрөөдөл. Орчин үеийн дизайн, чиг хандлагууд гар хийц, гэхдээ гараар хийсэн гэхээргүй, хийц нь мэдэгдэхгүй үнэт металл дээр суулгасан маш гоё үнэт эрдэнийн чулуутай цор ганц бүтээл рүү орж яваа. Ер нь үнэт чулуу, үнэт металл хоёр нийлж байж тансагийг бий болгодог. Чулуу, үнэт металл хоёр дангаараа байвал уйтгартай гэж би боддог.
А.Оргил: Улс болгон дарханы тал дээр өөр өөрийн өнгө аяс, арга аргачлалтай байдаг. Тэрнээс сурах юмсан гэж боддог. Хятадууд гэхэд чулууны урлаг, сийлбэрээрээ гайхагддаг. Маш том чулууг зүсээд сийлээд гинж хүртэл хийж байна. Яаж хийвээ гэж гайхмаар. Тэдний аргачлал нь их ондоо байгаад байдаг. Төмрөөр хийсэн бол сүлжинэ, гагнана гээд ойлгож болно. Байгалийн чулууг сүлжээд гинж хийгээд, гайхалтай өнгөлж байна. Ийм бичлэгүүдийг үзээд ёстой гайхширал төрдөг. Чулуу бол гоё шүү дээ. Бүгд давтагдашгүй өнгөтэй. Нэг уулнаас, зэргэлдээ газраас авсан ч өнгө нь өөр өөр гарч ирдэг. Тийм болохоор л хүн чулуунд дурладаг байх гэж боддог.
Зүүн гар талаас: А.Оргил, Т.Оргил
-Одоогоор ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
Т.Оргил: Нэг маанийн хүрд хийж байгаа. Жижиг хэмжээтэй, бурхан танхилын хүрд л дээ. Эх биеийг нь зэсээр, товгоруудыг нь мөнгөөр хийж байгаа. Зүгээр л, өөртөө зориулж бүтээл болгон урлаж байгаа юм. Дарханы бүтээл гэдэг өөрөө цорын ганц давтагдашгүй гэдэг утгаараа сэтгэл татдаг. Огт байхгүй зүйлийг хийдэг, бас ямар нэгэн бэлэгдэл шингэсэн байх ёстой учраас, эртний ном судар, дорно дахины бүтээл гэх мэт их юм үзэж, харах хэрэгтэй болдог.
А.Оргил: Одоогоор “Батгоёл хийц” мөнгөн аяганы үйлдвэрт ажиллаж байгаа болохоор яг бие даасан зүйл хийгээгүй байна. Ер нь бусдын анхаарлыг татах гайхамшигтай юм хийж амжаагүй шүү дээ. Гэхдээ ойр хавийн жинхэнэ мастер дархчуудаас зөвлөгөө авахыг хүсдэг. Бид хоёрт дарханы урлагийн суурийг тавьсан Б.Жамаа багшаасаа их юм сурсан. Бас бид хоёрын ажлын байрны хажууд байсан Тулга гэж дархан ах, бусад нэртэй дархачуудаас зөвлөгөө авдаг. Тулга гэж бүтээл нь үзэсгэлэн худалдаанд тавигдсан, ховор бүтээлүүдтэй, маш гоё монгол маягийн луу хийдэг уран нарийн хийцтэй ах байдаг юм.
-Уран дархачууд төрдөг, удам дамждаг. Удам дамжсан дархад юм дуулгадаг гэсэн ойлголт монголчуудад байдаг. Та хоёрын удамд уран хүмүүс бий юу?
Т.Оргил: Манай эмээ их уран хүн. Анагаах ухааны их сургууль төгссөн хүний их эмч хүн. Тэгсэн хэрнээ 1990-ээд онд булган малгай, савхин дээл оёж Орос руу гаргаж зардаг байсан юм. Эмээгийн аав гэр хийдэг дархан хүн байсан гэсэн.
А.Оргил: Манай аав ур хийнэ. Сүүлийн хоёр жил хутга үйлдвэрлэх тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа. Эмээ бол цагчин хүн. Эмээгийн цагны багаж надад ирсэн, дарханы ажилд их холбогдолтой, хэрэг болдог нь сонин. Эмээ маань аавыг дархан хүн болгох гээд хоёр удаа шавь өгч байсан юм билээ. Аав сонирхоогүй, харин эмээгийн маань хүсэл над дээр ирсэн байх.
-Гэрийнхэндээ өөрийн гараар хийж өгсөн эдлэл бий юу?
А.Оргил: Аавдаа жижиг манан хөөрөг, ээждээ мөнгөн ээмэг хийж өгч байсан.
Т.Оргил: Ээждээ үнэт эдлэл хийж өгч байсан. Эмээдээ сарнай хатгасан энгэрийн мөнгөн зүү гэх мэт нэлээн хэдэн юм хийж өгсөн. Сүүлд хоёр хорол ээмэг хийж өгсөн. Манай эмээ өөрөө үнэт эдлэл их сонирхдог юм.
А.Оргил: Манай найз мартаад байх шиг байна. Найзыг маань жаахан байхад эмээ нь уран дархачуудын тухай домог түүх их ярьж өгдөг байсан гэсэн. Намайг ажлаа хийж байгаад хааяа уйтгарлахаар манай найз надад эмээгийнхээ ярьсан уран дархачуудын тухай домог, түүхийг ярьж өгч сэргээдэг байсан юм.
Т.Оргил: Намайг жаахан байхаас эхлээд эмээ Монголын нэртэй дархад, төв, хүрээ хийдэд амьдардаг байсан уран дархачуудын бүтээлийг ярьж өгдөг байсан юм. Тэр дундаа Дарьганга хийц, Ноёнсэрвээ хийцийн тухай их ярьдаг байсан. Өөрөө Өмнөговийн хүн учраас Ноёнсэрвээ хийцийн тухай сайн мэднэ. Эмээгийн аав нь Ноёнсэрвээ хийцийн 3-4 мөнгөн аягатай байсан гэсэн. Тэр нь болохоор маш олон хаж утас гүйлгэж хийсэн, мөнгөний орц ихтэй аяга.
Аяганы доод талыг нь харвал бөөрөнхий зайд нь алтан ёншгоот шигтгэсэн, яг ийм аяга. Хийц нь яг ийм ийм гээд зурж өгч байгаад ярьдаг байсан. Болор шиг болорын коварци юм уу, гэрэлтдэг хэсгийг нааш харуулж хийсэн сүүжин хөөрөг гэх мэтийг яг дархан хүний нүдээр харсан юм шиг зурж үзүүлдэг байсан юм. Дархны бүтээл бол нарийн шүү. Батноров, Дарьганга, Далайчойнхор, Ноёнсэврээ, Боржигон, Буриад гээд хийц, арга барилаараа ялгардаг гэх мэт эмээгийнхээ үлгэр мэт яриаг сонсож өссөн болохоор дарханы мэргэжилд дурласан байж магадгүй.
А.Оргил: Би бас дархачуудын түүх сонирхдог. Санжаасүрэнгийн Нямсүрэн гэж хүний Хөх жавар гэдэг ном байдаг. Энэ зохиол дээр “Сүй мөнгөн хажаас” гэж нэг өгүүллэг байдаг. Тэрийг уншаад маш их сэдэл авч байсан. Хуучны хөөмөл аргаар эмээлийн тоног хийдэг дархан шавиа бэлтгэж байгаа тухай гардаг юм л даа. Тэр өвгөнөөс гадна Ерэнтэй дарханы Жамбал гуайд ярьж байсан Ямандаг бурханы цадиг гэх мэт ийм домог, түүхэнд их дуртай учраас найзынхаа яриаг сонсох дуртай байдаг.
-Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж бол Та хоёрын овоглож явах бас нэг сургууль болж. Энд сурч байгаа дүү нартаа хандаж хэлэх үг бий болов уу гэж бодож байна?
Т.Оргил: Сурч байгаа дүү нартаа битгий шантраарай гэж захина даа. Дарханы мэргэжил бол үнэхээр их тэвчээр зааж хүн болгодог сайхан мэргэжил. Суралцана гэж нэг шийдсэн бол сураад, нэг юм хийсэн бол дуустал нь хийгээд, сайхан бүтээл гаргаарай гэж хэлье.
А.Оргил: Би ч гэсэн найзтайгаа ижил бодолтой байна. Сургууль дээрээ очих дуртай. Манай багш баяртай хүлээж авдаг юм. Даанч ажил төрлийн байдлаас болоод бас байнга очиж чадахгүй байна.
Д.ОТГОНЖАРГАЛ
4 comments
Сайхан тэмуулэлтэй, ажилсаг 2 залуудаа алдартай дархад болохыг хусэн ероое!
сайхан ирээдүй байна ямар их урам ававаа гоё байна.
ene zaluuchuudad tetgemj olgomoor baina yaaj holbogdoh we ? minii l zaluu nas haragdaj baina ih goy
та манай сайтын updown.mn@gmail.com мэйл хаягаар харилцаж холбогдох дугааруудыг аваарай