Улсын онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдаан дээр холбогдох албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Хурлын эхэнд Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин цаг агаарын төлөв байдлын талаар танилцууллаа.
С.Энхтүвшин: 2019 оны намар дулаан, урт намар болж өнгөрлөө. Өвөлжилтийн нөхцөл байдал олон зүйлээс шалтгаалдаг. Ялангуяа зуншлагаас ихэд хамаардаг. Зуны эхэн сар хуурай, хур тунадас багатай байснаас үүдэж зарим газар зуншлага оройтсон. Долдугаар сарын сүүл, наймдугаар сард бороо хур элбэг байсан боловч есдүгээр сарын дунд үеэс арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл хуурайвтар, хур тунадас багатай, хөрсний чийг багатай дулаахан намар боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар хангай, хөвсгөлийн уулархаг нутгаар 20-30 см зузаан цастай байна. Ховд, Увс, Завхан, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын хэсгээр дунджаар 6-10 см зузаан цастай, Сүхбаатарын зарим нутгаар, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн зарим сумдын нутгаар 1-5 см зузаан цастай байна.
Зуншлага тааруу байсан Төв, Дундговийн зарим сумаар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч эхлээд байна. Нутгийн хойд болон зүүн хэсгээр дунджаас дээгүүр цастай, говийн болон бусад нутгаар хур тунадас багатай байна. Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг харахад арваннэгдүгээр сарын 25-наас эхлэн баруун болон Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгаар хур тунадас орно. Хөвсгөлийн уулсаар 29-нд баруун болон Төвийн нутгийн болон зүүн аймгуудын нутгаар, 30-нд Төв болон зүүн аймгуудын нутгаар, 12 дугаар сарын 01-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна, салхи сэрүүснэ.
Зудын эрсдэлийн үнэлгээнээс харахад нийт нутгийн 30 гаруй хувьд дунд, 7 хувьд нэн эрсдэлтэй, 27 хувьд дунд эрсдэлтэй гэж гарсан. Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун сумдаар олон жилийн дунджаас хүйтэн, Төвийн нутгийн өмнөд, Говийн бүсийн нутгаар дунджаас бага зэргийн дулаан, бусад нутгаар дундаж орчим хүйтэн байна. Ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадастай байх төлөвтэй байна.
2020 оны нэгдүгээр сард харьцангуй хүйтэн, цас ихтэй Увс, Завханы хойд, Хөвсгөлийн хойд талын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. 2020 оны хоёрдугаар сард нутгийн ихэнх хэсгээр агаарын температур олон жилийн дундаж байх боловч одоо цас ихтэй байгаа аймаг, сумдын нутгаар цас нэмэгдэж орж хүйтэн байх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар отрын бүс нутгаар малчид ихээр оторлож өвстэй байсан хэсэгхэн газарт олон зуун мал оторлож байгаагаас цаашид туурайн зуд нүүрлэх аюул ойрхон байна. Өвлийн эхэн сар гараагүй байхад нийт нутгийн 55 орчимд цасан бүрхүүл тогтсон. Цас ихтай баруун болон төвийн бүсийн зарим нутгаар цасны нягтаршил нэмэгдэж цас хатуурч байгаа” гэв.