“Монгол бахархлын өдөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзны тусгай загварыг Төрийн түүхийн музейд залах ёслол өнөөдөр боллоо.
Олон улсын тайзнаа “Хоёрдугаар симфони” бүтээлийг тоглосны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ жил 300 ширхэг пянзыг үйлдвэрлэсэн байна. “Хоёрдугаар симфони” пянзны тусгай загвар болох алтан бүрмэл есөн пянзны “03/09” дугаартай пянзыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсныг Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалуулахаар болсон билээ.
Хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзанд “Монгол орон бадартугай”, “Зуурдын орон”, “Трио”, “Эхийн сэтгэл шиг” зэрэг шилмэл бүтээлүүд багтжээ.