Хятад, Монгол хоёр хаяа нийлэн оршдог найрсаг сайн хөрш, Монгол Улс бол БНХАУ-ыг хамгийн анх хүлээн зөвшөөрсөн улс орнуудын нэг юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилд, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны гол чиглэл байсаар ирсэн Манай хоёр орон 4710 км урт хилийн шугамаар холбогдон, энх тайвнаар зэрэгцэн оршиж, дэмжин туслалцаж, хамтдаа хөгжиж буй нь тус тусын орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд таатай орчныг бүрдүүлж өгсөн юм. 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааны шинэ хуудсыг нээсэн билээ. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд суухыг урьж байна” гэсэн нь Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно гэж Монголын тал талархан хүлээн авсан юм.
Сүүлийн жилүүдэд БНХАУ нь Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, гол хөрөнгө оруулагчдын нэг болсон. Тухайлбал хоёр улсын худалдааны эргэлтийг 15 тэрбум ам.долларт хүргэхээр хэлэлцэн тохирч тогтвортой хөгжлөө баталгаажууллаа. Монголын талаас БНХАУ-аас оруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ноён Ван И-тэй санал нийлсэнд Монголын ард түмэн таатай хүлээн авсан юм.
Өнөөгийн байдлаар Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр томоохон ахиц гарсан. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хэрэгжих эхлэлээ тавилаа. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахилгаан станцыг шинэчлэх зэрэг худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх шууд уялдаатай төслүүд хэрэгжиж байгаа. Мөн ард иргэдийн амьдралыг сайжруулах, сургууль, цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цогцолбор байгуулах, мазаалайн амьдрах орчныг сайжруулах зэрэг хүн, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн төслүүд хэрэгжиж эхлээд байна.
Хоёр орны ард иргэдийн найрсаг харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх нь хоёр улсын харилцааны нийгмийн үндсийг бэхжүүлэх, хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс соёл, урлаг, спорт, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжин тогтмолжиж, тэр хэрээр урьд өмнөхөөс илүү баялаг, олон талт арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой болж байна. Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосонтой холбогдуулан, соёл, урлагийн хамтарсан тоглолт, форум зэрэг олон ажил, томоохон арга хэмжээг зохион байгуулж хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлснийг хоёр тал хүлээн зөвшөөрч байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг эхлүүлснийг зарлаж, БНХАУ-ын ирээдүйн хөгжлийн үе шатуудыг нарийн төлөвлөн тодорхойлохын зэрэгцээ, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээн байгуулах зэрэг олон чухал зорилтыг тодорхойлсон нь хөрш орны хувьд анхаарал татсан асуудал юм.
Хятад улсын өнгөрсөн 40 жилийн турш өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж гаргасан амжилт, их бүтээн байгуулалт Монгол орны хувьд үлгэр дуурайл болж уламжлалт найрсаг харилцаагаа батжуулан хөгжүүлэхээр олон чухал яриа хэлэлцээ хийж хамтдаа хөгжихийн төлөө тэмүүлж байна. Өнөөдөр Монгол, Хятадын харилцаа хамгийн сайн үе дээрээ явж байна. Хоёр орны олон салбар дахь харилцаа хамтын ажиллагаа нь хөрш зэргэлдээ орнуудын харилцааны үлгэр жишээ болон хөгжих боломжийг нээж, Монгол, Хятадын харилцаа шинэ үе шатандаа орлоо гэсэн дүгнэлтэд хүрлээ.