Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас танилцуулсан статистик мэдээллээр өнгөрсөн жил 4159 хүн гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ нь нийт гэрлэлтийн 20 гаруй хувьтай тэнцэх тоон үзүүлэлт аж.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд 17118 хүн гэрлэж, үүнийг гэрлэлтээ цуцлуулсан хүнтэй харьцуулбал 24 хувьтай нь тэнцэж байна. Судалгаанаас харахад 25-45 насандаа гэрлэлтээ цуцлуулах хандлагатай байгаа аж. Энэ бүхнээс манай улсад гэр бүлийн салалт онцгой анхаарах шаардлагатай сэдэв болсон нь харагдана.
Гэр бүл салалтын цаана хүүхдийн эрх, хүмүүжил, нийгмийн байдал зэрэг олон хүчин зүйл уялдаатай байдаг. Уг асуудлын талаар Улаанбаатар их сургуулийн Гэр бүлийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Гэр бүл салалт сүүлийн жилүүдэд эрс өслөө. Ямар шалтгаанаас үүдэн гэр бүл салж байна вэ?
-Гэрлэлт гэдэг нь олон улсын гэрээ конвенцид зааснаар сайн дурын үндсэн дээр бий болдог. Гэр бүл салалт ч гэсэн хувь хүний сайн дурын үндсэн дээр болдог. Дэлхийн улс орнуудад гэр бүл салалт байна. Гэхдээ гэр бүл салалт тодорхой хэм хэмжээтэй байх ёстой.
Өөрөөр хэлбэл, тухайн улсын гэр бүлийн тоо, тухайн жилд шинээр гэр бүл болсон тоотой харьцуулахад салалт хэр байгаагаас хамаараад салалт нийгмийн сөрөг үзэгдэл болсон байна уу гэсэн асуудлыг тодруулах шаардлага гардаг. Манай улсын хувьд нийгмийн шилжилтийн он жилүүдийн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлсөн байдлаас үүдэн гэр бүлд сөрөг нөлөө үүсэж байна. Гэр бүлийн бүтэц хэв маяг өөрчлөгдөж байна.
Тухайлбал, нийлмэл гэр бүлийн тоо ихэслээ, улс дамнасан буюу олон улсын хөдөлмөр шилжилт хөдөлгөөний улмаас тусдаа амьдардаг гэр бүл бий боллоо. Мөн дотоодоо хөдөлмөр шилжилт хөдөлгөөний улмаас тусдаа амьдрах гэр бүлүүд байна.
Дахин гэр бүл бологсдын болон өрөөсгөл гэр бүлийн тоо нэмэгдэж байгаа нь олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Үүний нэг асуудал бол гэр бүл салалт юм. 1989 оноос гэр бүл салалт огцом нэмэгдэж байгаа. Сүүлийн үеийн судалгаануудаас авч үзвэл таван гэр бүл тутмын нэг нь, нийслэл хотын хэмжээнд гурван гэр бүл тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулж байна. Энэ бол харамсалтай баримт юм.
Жилд 3000-4000 орчим гэр бүл шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байна. Энэ тоо баримт зөвхөн албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан иргэдийнх юм. Салж байгаа гэр бүлүүд 1-2 хүүхэдтэй. Тэгвэл жилд дунджаар 10000 орчим хүүхэд гэр бүл салалтын золиос болж байна. Шүүхээр гэр бүлээ цуцлуулж байгаа хосуудын мэдүүлэг болон судалгаанаас авч үзэхэд гурван шалтгаан байна.
Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл ойлголцлын асуудлууд шалтгаан болдог. Хоёрдугаарт, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа байна. Гуравдугаарт, хол тусдаа байсан гэсэн шалтгаанаас үүдэж гэр бүл салдаг.
Гэр бүл салалт нэмэгдэхэд нийгмийн тогтворгүй байдал, хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хувь хүний сэтгэлзүйн байдал болон ажлын бүтээмж зэрэг олон асуудлуудад сөргөөр нөлөөлдөг.
-Гэр бүл салалтыг хэрхэн бууруулах боломжтой вэ?
–Тодорхой судалгаанд суурилсан төрийн бодлого хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, ямар ч судалгаагүйгээр бодлого хэрэгжинэ гэвэл бодит байдлаас зөрүүтэй бөгөөд хэрэгжих боломжгүй. Энэ нь хийсвэр хууль тогтоомж гарах эрсдлийг бий болгох юм. Тийм учраас гэр бүлийн талаарх суурь болон түүвэр судалгаануудыг хийх хэрэгтэй.
Мөн гэр бүлийн тогтвортой байдал, үнэ цэнэ бий болгоход чиглэсэн төрийн бодит үйлчилгээг бий болгох шаардлагатай байна. Төрийн бодит үйлчилгээ гэдэг нь гэр бүлийн боловсрол олгох, залуучуудыг гэрлэлтэд бэлтгэх сургалт хөтөлбөрүүд болон гэр бүлд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх мэргэжлийн үйлчилгээг бий болгохыг хэлж байгаа юм. Гэр бүл салалтад залуучуудын гэр бүлийн боловсрол, хандлага, үнэлэмж, үзэл бодол чухал нөлөө үзүүлдэг.
Одоо үеийн залуучууд гэр бүлийг үүрэг хариуцлага гэдгээр хүлээж авахгүй байна. Нөгөө талаасаа гэрлэлт гэдэг нь эсрэг хүйстэнтэйгээ харилцаа холбоо тогтоох зугаа цэнгэл мэтээр хөнгөн хийсвэр байдлаар хүлээж авах нь түгээмэл байна. Түүнчлэн хүүхэдтэй болоход хүлээх үүрэг хариуцлага маш сул болчихсон. Сална, нийлнэ гэдэг нь алга урвуулахтай адил хямдхан зүйл болоод хувирчихсан.
1989 оноос гэр бүл салалт огцом нэмэгдэж байгаа. Сүүлийн үеийн судалгаануудаас авч үзвэл таван гэр бүл тутмын нэг нь, нийслэл хотын хэмжээнд гурван гэр бүл тутмын нэг нь гэрлэлтээ цуцлуулж байна. Энэ бол харамсалтай баримт юм. Жилд 3000-4000 орчим гэр бүл шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байна. Энэ тоо баримт зөвхөн албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан иргэдийнх юм. Салж байгаа гэр бүлүүд 1-2 хүүхэдтэй. Тэгвэл жилд дунджаар 10000 орчим хүүхэд гэр бүл салалтын золиос болж байна.
Гэтэл гэр бүл салсны дараа хүүхдийн сэтгэлзүй, хүмүүжил, ёс зүйн байдал яах бол гэсэн талаас хосууд бодож үзэхгүй байна. Залуучуудыг гэрлэлтэд бэлтгэх тогтолцоо байхгүйгээс болоод гэрлэлтийн талаарх ойлголт мэдээлэлгүй байна. Гэрлэлтийн бодит үнэний талаарх мэдлэггүйгээр гэр бүлтэй болдог. Гэрлэлтээс хүлээх хүлээлт, гэрлэлтийн бодит үнэний зөрүүнээс болсон эхний жилүүдийн давааг туулж чадахгүй шантардаг. Үүнээс шалтгаалж салъя гэж боддог.
Үнэндээ салалт асуудлыг шийдэх гарц биш. Тухайн гэр бүл салалтаар асуудлаа шийдэхгүй. Дараа дараагийн асуудлуудыг салалт бий болгож өгдөг. Гэр бүл салснаараа хүүхдийн ирээдүйд сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэж ярьж байна. Хичнээн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг аавыгаа хүүхдүүд шоронд оруулъя гэж боддоггүй. Харин аавыгаа засраасай, өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Тэгэхээр асуудалтай болон гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэр бүлүүдэд зөвлөгөө өгч, тусалж дэмждэг мэргэжлийн байгууллагуудыг олноор бий болгох хэрэгтэй байна.
-Та хүүхдэд гэр бүл салалт сөрөг үр нөлөө үзүүлдэг гэж ярилаа. Яг ямар сөрөг нөлөө бий болдог вэ. Магадгүй эцэг эхчүүд хүүхдэдээ гарч буй сөрөг нөлөөг анзаардаггүй байх?
-Гэр бүл салснаас хүүхдэд олон хямрал бий болдог. Энэ нь тухайн хүүхэд хэдэн настай байхаас хамаараад эцэг эхийн маргааныг янз бүрээр хүлээж авна. Тухайлбал, бага насны хүүхдүүд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахгүй. Гэхдээ тухайн хүүхэд эцэг эх салж байгааг зөнгөөрөө мэдэрдэг. Тэгэхээр салсан аав юм уу ээжийгээ санаж бэтгэрнэ, ой тогтоол болон анхаарлын төвлөрөл муудна. Түүнчлэн орондоо шээх, ууртай, уйланхай болох зэрэг ааш зангийн тогтворгүй сөрөг шинж бага насны хүүхдүүдэд түгээмэл илэрч байдаг.
Ялангуяа сургуулийн бага насны хүүхдүүд хичээлээ ойлгохгүй байх, ганцаардмал болох, сурлагандаа муудах, хэн нэгнийг үзэн ядах зэрэг сэтгэлзүйн хямралд ордог. Харин өсвөр насныхны хувьд эцэг, эх хоёрынхоо хэн нэгнийг буруутгах эсвэл өөрийгөө азгүйд тооцно. Мөн өөртөө итгэлгүй болно. Ууртай, өшөө хорслын байдалтай болох зэрэг сэтгэлзүйн сөрөг хандлага бий. Магадгүй өсвөр насныхан эцэг эхийнхээ таарамжгүй байдалд өөрийгөө золиосонд гаргах хандлагатай болчихдог.
-Тэгэхээр салалтын дараа хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд бий болдог сөрөг үр нөлөөг яаж бууруулах вэ?
-Салалтын дараах эхнэр нөхрийн харилцаа чухал нөлөөлдөг. Хэдийгээр салсан ч гэсэн хүүхдэд үзүүлэх хайр халамж, анхаарлаа сулруулахгүй байх хэрэгтэй. Тэгвэл хүүхэд эцэг эхийн салалтыг хүндээр хүлээж авах нь бага болно. Харин салсны дараа эцэг эх нь бие биедээ дайсагнаад харилцаа муутай, хүүхдээ уулзуулахгүй гэж хорьж цагдах нь хүүхдийн сэтгэл зүйг илүү хямрааж дарамтад оруулдаг.
-Сүүлийн жилүүдэд гадагшаа явах хүмүүсийн тоо өссөн. Тухайлбал, солонгос руу явсан хүний тоо 100 мянга давсан байна. Энэ нь гэр бүлд яаж нөлөөлдөг вэ?
–Гадагшаа явж ажил хийж байгаа болон гадаад иргэншилтэй болсон иргэдийн тоо сүүлийн таван жил эрс нэмэгдсэн. Энэ нь манай улсын эдийн засгийн байдалтай холбоотой. Энэ нь гэр бүлд эерэг болон сөрөг нөлөө үзүүлж байна. Гадагшаа гарч ажил хийснээр эдийн засгийн эх үүсвэртэй болох нөлөө байгааг үгүйсгэх аргагүй. Энэ нь эерэг тал болж байгаа юм.
Харин гэр бүлийн харилцаа, тогтвортой байдал болон сэтгэлзүйн байдалд сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, гадаадад удаан хугацаанд байснаараа гэр бүлийн хоорондын итгэлцэл буурна. Мөн хардалт, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа үүсэх, хүүхдээ анхаарах цаг завгүй болох гэх мэтчилэн нөлөөлөл байна. Хэрэв Монгол Улс гадаадад руу ажиллах хүч гаргах гэж байгаа бол гэр бүлээр нь хамтдаа байх нөхцөлийг хангах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ер нь үндэсний томоохон компаниуд ажиллах хүчээ гаднаас оруулж ирж байна. Үүнийг төр бодлогоороо дэмжээд байна. Би энэ асуудлыг дэмждэггүй. Манай улсад хөдөлмөрийн насны залуучууд ажилгүй байж байхад гадаадаас ажиллах хүчийг олноор нь оруулж ирэх нь буруу юм. Яагаад төрийн бодлогын түвшинд үндэсний компаниуд эх орноо, иргэдийн ахуй амьдрал рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлж болдоггүй юм. Яагаад өнөө маргаашийн ашгийн төлөө, нөгөө талаасаа улсдаа байгаа ажиллах хүчийг золиослоод энэ бодлогыг хэрэгжүүлж байдаг. Энэ талаар судлаачийн хувьд харамсаж явдаг.
Шүүхээр гэр бүлээ цуцлуулж байгаа хосуудын мэдүүлэг болон судалгаанаас авч үзэхэд гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл ойлголцлын асуудлууд шалтгаан болдог. Хоёрдугаарт, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа. Гуравдугаарт, хол тусдаа байсан гэсэн шалтгаанаас үүдэж гэр бүл салдаг.
Ер нь гэр бүл салалтыг бууруулах нь зөвхөн яам, агентлагийн асуудал биш. Салбар дундын бодлогоор хэрэгжих ёстой гэж ойлгодог. Тэгэхээр гадаадад ажиллах талаар бүх хүн анхаарах цаг болсон. Энэ асуудлыг судлаачид яриад 20-иод жил боллоо. Нийт олон улсын шилжилт үйлчилгээнд оролцсон гэр бүлтэй иргэдийн 30 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан гэсэн судалгаа байдаг.
-Өнгөрсөн жилийн байдлаар эмэгтэйчүүд ихэвчлэн 18, эрэгтэйчүүд 24 наснаасаа гэрлэж байна гэсэн судалгааг гаргасан байсан. Ер нь эрт гэр бүл болвол давуу тал нь юу вэ?
-2010 оны Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс авч үзэхэд Монгол Улсад анхны гэрлэлтийн дундаж наслалт хойшилсон байгаа. Эмэгтэйчүүд 24, эрэгтэйчүүд 26 насандаа гэрлэж байна гэсэн судалгаа гарсан. Боловсролын түвшин дээшлэх тусам гэр бүл болох хандлага хойшилдог. Харин боловсролын түвшин доогуур байх тусам эрт гэрлэх хандлага бий.
Эрт гэрлэх нь эдийн засгийн тогтвортой бааз суурийг бий болгоход бэрхшээлтэй. Гэхдээ сэтгэлзүйн нээлттэй байдал илүү ойр дотно болдог гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр тогтвортой гэр бүл болоход нөлөөлдөг. Хэдий чинээ оройтож гэрлэнэ төдий чинээ олон жил хэн нэгэн хүнээс хамааралгүй явсан хүмүүсийн хувьд зохицож амьдрахад бэрхшээлтэй гэсэн судалгаа байдаг. Гэр бүл салалтын статусаас авч үзвэл энэ дүгнэлт гардаг.
-Залуу гэр бүлүүдийн хувьд салах тохиолдол гарах боллоо. Энэ нь юутай холбоотой байна вэ?
–Бид 2010 онд Монголын гэр бүл харилцаа өнөөгийн байдал гэсэн суурь судалгааг хийж байсан. Гэр бүлийн харилцаанд үүсэж байгаа асуудлыг амьдралын мөчлөг дээр суурьлуулан тодорхойлсон. Энэ үед залуу, дунд, ахмад гэр бүлд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж байв.
Залуу гэр бүлийн салалтын шалтгаан нь гурван хүчин зүйлсээс шалтгаалж байсан. Нэгдүгээрт, амьдралын зүй ёсны бэрхшээл буюу гарцаагүй тохиолдох асуудлуудаа зөвөөр ойлгож чадаагүйгээс салж байна. Өөрөөр хэлбэл залуу гэр бүлийн хувьд эхний таван жил хямралын үе байдаг. Хоёр өөр үзэл бодолтой, өөр хандлагатай бие хүмүүс зохицон амьдрах үйл явц явагдаж байна.
Энэ үедээ их салдаг. Хоёрдугаарт, залуучууд бие дааж амьдрах чадваргүй байдаг. Амьдрал аваад явах чадамжгүйгээс болж гэр бүл хүнд байдал ордог. Энэ байдлаа даван туулж чадаагүйгээ нэгнээ буруутгаж салдаг. Гуравдугаарт, хадмуудын оролцоо байна.
-Гэр бүл салахад тухайн хүний сэтгэл санаа тогтворгүй болно. Тэр үедээ сэтгэл судлаачид хандах тохиолдол олон байдаг уу?
-Гэр бүл салах, салсны дараах асуудал дээр мэргэжлийн зөвлөгөө өгөх хэрэгцээ байдаг. Манай улсын хувь шүүх эвлэрлийн тодорхой хугацаа өгдөг. Шүүхийн эвлэрлийн хугацаанд шүүхийн дэргэд байрлах эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг авах нөхцөл бүрдсэн. Эсвэл зөвлөгөө өгдөг өөр байгууллагуудад хандах боломжтой.
Практикаас харахад гэр бүлийн сэтгэлзүйн зөвлөгөө гэх мэргэжлийн үйлчилгээг ойлгож хүлээж авах хандлага иргэдэд дутмаг байна. Асуудал гарахад лам бөөгөөр шийдүүлэх гэж чухалчилдаг. Манай сургууль 2005 оноос гэр бүлийн зөвлөгөө өгч байна. 2013 онд Монгол Улсад анх удаа гэр бүлийн зөвлөгөө өгөх стандарттай болсон. Улаанбаатарт 20 гаруй гэр бүлийн зөвлөгөө өгдөг ТББ-ууд үйл ажиллагаагаа явуулж байна.
-Салалтыг бууруулахын тулд яах ёстой вэ?
-Гэр бүл салалтыг бууруулахад төр бодлогын түвшинд анхаарах шаардлагатай. Тиймээс шинжлэх ухааны мэдлэгт суурилсан боловсролыг иргэдэд олгох хэрэгтэй. Өнөөдөр залуучууд, өсвөр үеийнхэнд гэр бүлийн талаарх мэдлэгийг олгосноор ирээдүйн гэр бүл салалтыг бууруулж чадна.
Эх сурвалж: newsmedia.mn
1 comment
Great site you have here but I was curious if you knew of any message boards that cover the same topics discussed
here? I’d really like to be a part of online community where I can get advice
from other knowledgeable people that share the same interest.
If you have any recommendations, please let me know.
Bless you!