-Танай яамнаас АТГ-тай хамтарч “Инээмсэглэл бидэнд урам” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлчихсэн юм байна. Ямар шалтгаанаар ийм хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон бэ?
– АТГ-аас төрийн байгууллагын үйлчилгээтэй холбоотой авлигын эрсдлийг жил бүр судалдаг юм. Тэр судалгаагаар эрүүл мэндийн салбар эхний хэдэд жагсч байгаа. Олон улсын авлигын индексийг судалдаг “Транспери инитернэншнл” гэж байгууллага бий. Судалгаандаа дэлхийн 180 гаруй улсыг хамруулдгийн нэг нь манай улс. Нийт 100 оноогоор дүгнэдэг юм. Монгол улс 37 оноотойгоор нийт улсаас 93 дугаар байрт жагссан. Бүр тодруулж хэлбэл манай улс авлигын индексээрээ сүүлд яваа орнуудын нэг. “Транспери интернэшнл”-ийн судалгааны тайланг харахаар эрүүл мэндийн салбар авлигад өртөмтгий салбарт багтсан. Зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх болсон үндсэн шалтгаан энэ л дээ.
-Авлигад өртөмтгий салбарыг газрын алба, гааль, шүүх тэргүүлдэг. Эрүүл мэндийн салбар энэ салбаруудын дараа жагссан гэхээр нэг л үнэмшилгүй санагдаад байна л даа. Авлигын том хэрэгт ажлаа хийгээд яваа эмч нар орооцолдсон гэж лав дуулддаггүй. Авлигад өртөх эрсдлээрээ дээгүүр байранд ороод яваагийн гол шалтгаан нь юу юм бол?
-Авлигад өртөмтгий салбарын эхний хэдэд жагссан шалтгааныг бид нийгмийн бухимдал, стресстэй холбож харж байгаа. АТГ-ын судалгаанд оролцсон иргэдийн өгсөн мэдээллийн дүнд манай салбар ийм үзүүлэлттэй гарсан юм. Өөрөөр хэлбэл иргэдийн төсөөлөл эрүүл мэндийн салбарыг авлигад өртөмгий салбар болгочихдог. Таны асуусанчлан эмч нар авлига аваад ял шийтгэл хүлээсэн тохиолдол үгүй ч иргэд тэгж харж, ойлгоод байна. Иргэд, эмч нарын хооронд үүсч буй үл ойлголцол, биенээ үл хүндэтгэсэн зарим хандлагаас үүдсэн асуудал ч гэж харж болохоор санагддаг. Замын түгжрэл, ажилгүйдэл гэх мэт нийгмийн стрессүүд бидний өдөр тутмын амьдралд тод ажиглагддаг. Наад зах нь л замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар яаж бухимддаг билээ. Нийгмийн энэ стресс эрүүл мэндийн салбарт нөлөөлөөд байна л даа. Нийгмийн элдэв асуудалд бухимдсан иргэн эмнэлэгээр үйлчлүүлье гээд ороод ирэхээр оочер, дараалал угтдаг. Ингээд л бухимдаж эхэлдэг.
-Төрийн, хувийн бүх үйлчилгээ дугаар дарааллаар явдаг. Иргэд энэ бүхэнд шүүмжлэлтэй ханддаггүй хэрнээ эмнэлэгт түргэн шуурхай үйлчлүүлэх гэж зүтгэдэг нь гайхмаар хандлага шүү. Эмч нарын хүний амь аварсан сайхан түүхийг биш хааяа гардаг алдааг нь муучилсан сэтгэгдэл сошиалд цацагддагтай холбоотой хандлага шиг санагддаг. Сошиалын энэ хандлага иргэдийн сэтгэл зүйд “Улсын эмнэлэг хүнд сурталтай, эмч нар нь их зантай” гэх мэт сөрөг сэтгэгдэл суулгачихдаг гэдэгтэй та санал нийлэх үү?
-Та маш зөв анзаарсан байна. Бид ч бас тэгж хараад байгаа. Зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж эмч, эмнэлэг, эрүүл мэндийн салбарын талаар зөв мэдээллийг нийгэмд хүргэх гээд байгаа цаад шалтгаан энэ л дээ. Мэдээж ганц хөтөлбөр хэрэгжүүлээд энэ буруу хандлага арилахгүй. Гэхдээ энэ мэтээр ойлгуулсан ухааруулсан мэдээллийг нийгэмд хүргээд явбал энэ сөрөг хандлага яваандаа арилна. Таны сая хэлсэнчлэн иргэд төрийн ямар ч байгууллагаас үйлчилгээ авахдаа дугаарладаг. Хувийн салбарын бүх үйлчилгээ оочер дарааллаар явдаг. Наад зах нь банкинд ороод дугаар авч үйлчлүүлдэг. Оочер ихтэй байна гээд теллерт нь уурладаггүй хэрнээ эмчид уурлаад байдаг нь эргэж бодохоор хандлага мөн үү гэвэл мөн. Нөгөө талаас улсын эмнэлэгт ачаалал их байдаг. Мэдээж яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэнэ. Тийм биш тохиолдолд дугаар, дарааллаар нь үйлчлэхээс өөр арга байхгүй. Ханиад томууны улирал эхэлчихлээ. Яг өдийд ачаалал бүр ихэсдэг. Иргэдийн хувьд энэ онцлогийг ойлгохгүйгээр “Эмч нар үзүүлэх ёстой үйлчилгээгээ санаатайгаар удаашруулаад байна, таньдаг эмчээрээ л яриулахгүй бол бүтэхгүй нь” гэх мэт яриа шүүмжлэл гаргах нь бий. Монголд 52 мянган эмч, эмнэлгийн ажилтнууд байна. 12 мянга орчим нь их эмч нар. Маш том салбар л даа. Ямар ч салбарт алдаа гардгийн адил эрүүл мэндийн салбарт ч алдаа гардаг. Хүний амьтай холбоотой, асар их хариуцлага шаарддаг салбар учраас гаргах алдаа нь маш багаар хэмжигддэг. Эмч нартай холбоотой алдааг хүн эмчилж эдгээсэн, аварсан тоотой нь харьцуулахаар маш бага хувь гардаг. Тэг мянганы төд ч юм уу, тун бага тоо гарна. Таны хэлснээр сошиал орчинд эмч нарын сайн түүхийг тэр бүр хөнддөггүй, ганц нэг алдааг нь дэвэргээд сэвчихдэг гэм бий. Энэ нь эргээд та бид хоёрын ярианыхаа эхэнд онцолсон нийгмийн бухимдалтай холбоотой л доо.
-Нэг эмч өдөрт хэчнээн хүнд үйлчилдэг бол?
-Давтаад хэлэхэд эрүүл мэндийн салбарт ажиллагсад цаг наргүй, нойр хоолгүй ажиллацгаадаг. Нэгдүгээр эмнэлэг гэхэд өдөрт 2000-2500 орчим амбулаторийн анхан шатны үзлэг хийдэг. Үүнээс гадна давтан үзлэг гэж бий. Давтан үзлэг 500-600 орчимд хэлбэлздэг. Нэг эмч өдөрт 30-35 хүн үзэх нормтой ажилладаг. Ачаалал ихсээд ирэхээр амбулаторийн нэг эмч өдөрт 50-55 хүн үзэж байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд манай салбарт сувилагчийн орон тоо маш дутуу. Цалин бага, ачаалал өндөр учраас ийм асуудал үүсчихсэн. Дэлхийн жишгээр бол нэг эмчид хоёр сувилагч ногдох ёстой. Гэтэл манайд нэг эмчид нэг сувилагч ч ногдохгүй байна. Улс орны эдийн засаг хэцүү байгуу учраас сувилагч нарын дунд гадагшаа гарч ажиллах сонирхол их анзаарагддаг.
-Өндөр хөгжилтэй улсад сувилагчийн мэргэжил эрэлттэй, өндөр цалинтай болохоор сувилагч нар гадагшаа олноороо явдаг байх шүү?
-Тийм шалтгаан яах аргагүй байна. Гэхдээ Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхнаа дэмжсэн, харсан бодлого хэр хэмжээндээ хэрэгжүүлж байгаа. Цалин хөлс урамшууллыг нь шат дараатайгаар нь нэмэгдүүлж яваа. Энэ жил гэхэд л улирлын урамшуулал, ажилласан жилийн нэмэгдэл гэх мэттэйгээ нийлээд эмч, эмнэлгийн ажилчдын цалин 50 гаруй хувиар нэмэгдсэн. Улс орны эдийн засгийн байдлаас хамаараад бага багаар нэмж байгаа давуу тал бий.
-Монгол эмч нар дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн жишээ өчнөөнөөрөө дуулддаг. Дэлхийд чадвараа үнэлүүлсэн эмч нар гэвэл та ямар хүмүүсийг онцлох вэ?
-Манай эмч нарын чадал чансааг дэлхий хүлээн зөвшөөрсөн жишээ олон шүү. Зүрхний эмчилгээгээр гуравдугаар эмнэлэг тэргүүлдэг, нэгдүгээр эмнэлгийн бөөрний эмчилгээ шагшигддаг гэж ирээд яривал улсын эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын чадвар маш сайн. Манай эрүүл мэндийн салбар дэлхийн стандарт хангасан оношлогоо, эмчилгээний технологийг амжилттай нэвтрүүлчихсэн. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа гээд ярихад л бөөр шилжүүлэн суулгах мэс засал 185, элэг шилжүүлэн суулгах мэс засал 80, ясны чөмөгний үүдэл эс суулгах мэс засал 18 удаа хийгдээд байна. Эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагчаар УНТЭ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, хүний гавьяат эмч О.Сэргэлэн ажилладаг. О.Сэргэлэн эмч дэлхийн шилдэг таван мэс засалчдын нэг. Монгол эмч нар хорт хавдрын эрт үеийн илрүүлэг, оношлогоо эмчилгээний чиглэлээр дэлхийтэй хөл нийлүүлж яваа. Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэнг элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын мэс засалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Франц улсын Үндэсний академийн хүндэт гишүүнээр сонгосон.
-Ж.Чинбүрэн эмч Орост руу явж элэг шилжүүлэн суулгах сургалт хийсэн гэл үү?
– Ж.Чинбүрэн эмч ОХУ-ын Иркутскийн Хавдар судлалын төвд элэг шилжүүлэн суулгах сургалт хийж байсан. Бас энэ онд Санктпетербург хотын хавдрын эмнэлэгт мастер сургалт зохион байгуулж элэгний хавдрын мэс засал хийж, лекц уншсан. Ж.Чинбүрэн эмчийн энэ жишээнүүдээс Монгол улсын элэгний мэс заслын төвшин ямархуу төвшинд яваа нь харагдана. УГТЭ-ийн Зүрхний төвийн их эмч Х.Мөнгөн-Өлзийг онцолмоор байна. Х.Мөнгөн-Өлзий эмч зүрхний хэм алдагдлын интервенцийн имплантацын олон улсын орчин үеийн аргуудыг бүрэн эзэмшиж дэлхийн хэд хэдэн оронд зүрхний хэм алдагдлыг эмчлэх шинэ технологийн аргуудыг зааж сургах ажлуудыг хийж байгаа.
-Жишээ нь ямар улсад уригдаж ажиллаж байгаа вэ?
-Ойрхоны жишээ гэвэл Казахстан улсад зүрхний хэм алдагдлыг абляци, пейсмикер зэрэг олон арга технологийн эмчилгээг нэвтрүүлэх чиглэлээр уригдан очиж ажилладаг. Тархины мэс заслаар ч манай эмч нар дэлхийд танигдсан. УГТЭ дээр сүүлийн дөрвөөс таван жилд тархины судсан дотуурх мэс заслын олон аргыг амжилттай нэвтрүүлж байгаа эмчийн нэг бол мэдрэлийн мэс заслын эмч Р.Ганбаатар. Р.Ганбаатар эмч ОХУ-ын Бурденкогийн нэрэмжит Мэдрэлийн мэс заслын, Санктпетербургийн Алмазовын нэрэмжит мэдрэлийн мэс заслын институцэд суралцан ОХУ-ын дэлхийн нэртэй профессоруудтай гар нийлэн ажиллаж, ОХУ, ХБНГУ зэрэг орнуудад мэдрэл тархины мэс заслуудыг хийж байна. Монгол эмч нарын ур чадварыг харуулсан ийм жишээ олон бий.
-Монгол эмч нарын дэлхийд үнэлэгдсэн түүхүүдийг сонсоход бахархалтай санагдлаа. Энэ үнэ цэнэ, брэндээ ашиглаж долларын урсгалаа нэмэх боломж байгаа юм биш үү. Манайхан эрүүл мэндийн аялал жуулчлал гэж гадагшаа багагүй валют алддаг. Эсрэгээрээ гадныхан Ж.Чинбүрэн эмчээр элэгний мэс засал хийлгэе гэж Монголыг зориод ирэх боломж өндөр харагдаад байх юм?
-Тантай санал нэг байна. Бид энэ чиглэлээр нэг алхам ахисан. Ирэх жилээс бодит ажил эхэлнэ. Та бид хоёрын ярилцлагынхаа туршид хөндөж байгаа иргэд болоод эрүүл мэндийн салбарынхны хоорондын үл ойлголцлыг арилгах боломж гарц мэдээж бий. Эрүүл мэндийн салбар 100 хувь улсаас, төсвөөс хамаарахаар наад зах нь ачааллаа дийлэхгүй, ачаалал их байх хэрээр эмчилгээний чанарт нөлөөлдөг гэх мэт асуудлууд шийдлээ олохгүй байгаа юм. Эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа чадварыг бодитоор үнэлүүлэх боломж хуулиар бүрдсэн. Бүр тодруулж хэлбэл Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд эмнэлгийн бие даасан байдлыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл эмнэлгийг бие даалгах ажлыг хийж эхлэхээр болсон. Тодорхой хэмжээний тусламж үйлчилгээг төлбөртэй явуулж, тэндээсээ санхүүжиж, эмчилгээ үйлчилгээнээс олсон мөнгөөр хамгийн их ачаалалтай, хамгийн олон хагалгаа хийж яваа эмч ажилчдын цалинг нэмэх гарц байна.
-Эмнэлгийг бие даалгах гэдгээ тодруулаач. Бие даалгах ажлыг ойрын хугацаанд эхлүүлнэ гэсэн үг үү?
-Эмнэлгийг бие даалгах туршилтыг ирэх жил гурван эмнэлэгт хийхээр төлөвлөсөн. Улсын эмнэлэг энэ мэтээр тодорхой хэмжээнд бие дааж, санхүүгийн эрх чөлөөтэй болоод ирвэл дагаад эмнэлгийн үйлчилгээ сайжирна. Элэгний эмчилгээгээр дэлхийн жишигт хүрч хөгжих боломж ч нээгдэнэ. Таны асуусанчлан Ж.Чинбүрэн эмчээр мэс засал хийлгэнэ гээд гаднаас олноороо зорьж ирэх ирээдүйг наашлуулах ажил эмнэлгийг бие даалгах туршилтаас эхэлнэ. Эмнэлгүүд санхүүгийн хувьд хүчирхэгжээд, биеэ даагаад эхэлбэл гаднаас мундаг мэргэжилтэн урьж чадвар чансаагаа дээшлүүлэхэд ямар ч асуудал байхгүй.
-Бие даалгах туршилт хийх эмнэлгүүдэд төсвөөс санхүүжилт хийх үү?
-Бие даалгана гэхээр шууд бүгдийг нь хувьд гаргана гэсэн үг биш. Тодорхой хэмжээний санхүүжилтээ төсвөөс аваад явна. Гойд сайн, илүү өндөр төвшинд хүрсэн зарим нэг эмчилгээ, үйлчилгээгээ үнэлгээтэй болгож, илүү гүнзгий хөгжүүлье, дэлхийд брэнд болгоё, алсдаа эрүүл мэндийн аялал жуулчлалыг Монголдоо татъя гэсэн санаагаар эмнэлгийг бие даалгах туршилтыг эхлүүлж байна. Түрүүн онцолсончлон нэгдүгээр эмнэлгийн бөөрний мэс засал, гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс засал дэлхийд брэнд болчихвол эрүүл мэндийн салбар дэлхийн хэмжээнд хөгжиж, өндийгөөд ирэх бүрэн боломжтой. Эмч нарын тухай энэ мэт мэдээлэл төдийлөн цацагддаггүй. Ийм агуулгатай мэдээлэл давтамжтай цацагдах хэрээр эрүүл мэндийн салбарын талаарх сөрөг мэдээлэл, хандлага зөөлөрнө, сөрөг хандлага зөөлөрвөл иргэдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад хандах хандлага эерэг болно, эмч, эмнэлгийн ажилтан, өвчтний үл ойлголцол багасна, энэ бүхэн нь эргээд эмнэлгийн үйлчилгээний чанарт ч сайнаар нөлөөлнө гэж бид харж байгаа.
– Иргэдийн дунд эмч дээр очихоос илүү лам, бөөгөөр явдаг, эмнэлгийн үйлчилгээ авч, эмч нарын хүчээр эрүүл болсноо мухар сүсэгтэй холбож хараад байдаг. Эмч нарт урам өгөхөөс илүү сэтгэлд нь таагүй мэдрэмж төрүүлэхээр хандлага байх, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Зүтгэл хүчээ шавхаж эмчилсэн хүнийх нь ар гэрийнхний гаргадаг иймэрхүү хандлага эмч нарын урмыг их хугалдаг. “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэж ардын зүйр үг бий. Айхавтар утгатай үг шүү. Эмч нарын их хурлын үеэр яригдсан нэг жишээг би танд хэлье. Өндөр настай аав нь хагалгаанд орж л дээ. Хүлээлгийн хэсэгт ар гэрийнхэн нь цугаараа ирчихсэн. Олон цагийн хагалгааны дараа эмч гарч ирээд “Хагалгаа амжилттай боллоо” гэж хэлсэн чинь хүү нь утсаар яриад цааш явахдаа “Нөгөө лам их мундаг хэлжээ. Зүгээр гэсэн, яг байна” гэсэн юм билээ. Ийм жишээ олон дуулддаг. Хамаг чадлаа барж, мэс заслын ширээний ард олон цагаар зогсч, цустай хутгалдаж байж мэс засал хийгээд гарч ирсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад ийм үг ямар сонсогдох вэ. Эмчилсэн өвчтнөөсөө баярлалаа гэсэн үг сонсч, инээмсэглэхийг нь харах чинь л маш том урам шүү дээ. Иргэддээ хандаж хэлэхэд өвчнийг чинь эмчилсэн эмчдээ баярлалаа гэсэн үг хэлж, чин сэтгэлээсээ инээмсэглэхэд л болно, тэр чинь л таны зүгээс өгч буй хамгийн том бэлэг, хамгийн том урам гэж хэлмээр байна. Эмч эмнэлгийн ажилтнуудад ёс зүйн дүрэм гэж бий. Тэр дүрэмдээ захирагдаж ажилладаг. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн хэм хэмжээг зохицуулсан зохицуулалтууд бас байгаа.